Японы засгийн газар Япон тэнгис дэх Такешима арлуудын ойролцоох эдийн засгийн онцгой бүсэд /ЭЗБ/ Өмнөд Солонгос улсаас далай тэнгисийн судалгаа хийж буйг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тус арлуудыг Өмнөд Солонгос хянадаг. Гэхдээ Япон өөрсдийн газар нутаг гэж үздэг маргаантай бүс нутаг юм.
Японы эргийн хамгаалалтын алба “Hae Yang 2000” хөлөг онгоц Такешима арлуудын зүүн хойд хэсгийн “ЭЗБ”-д амралтын өдрүүдээр усан дотор кабель татсан мэт харагдаж байсныг баталжээ. Эргийн хамгаалалтын албаныхан хөлөг онгоцыг далай тэнгисийн судалгаанд оролцож байсан байх магадлалтай гэж тогтоосон. Тус алба Ням гаригт радиогоор хөлөг онгоцны үйл ажиллагааг зогсоохыг шаардсан боловч Өмнөд Солонгосын онгоц хариу өгөөгүй гэж мэдэгдэв.
Японы Гадаад хэргийн яамнаас Өмнөд Солонгосын албаныхан хөлөг онгоц судалгаа хийж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдэв. Тус яамны Ази, Далайн асуудал эрхэлсэн товчооны дарга Фунакоши Такехиро хөлөг онгоцны үйл ажиллагааг эрс эсэргүүцэж, нэн даруй зогсоохыг уриалаад байна. Японы “ЭЗБ”-ийн тэнгисийн судалгаа нь Токиогийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн тул НҮБ-ын конвенцыг зөрчиж байна гэж тэрбээр онцолжээ. Японы засгийн газар Такешима арлуудыг Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг. Мөн Өмнөд Солонгос улс нь тус арлуудыг хууль бусаар эзэлж байна гэж үздэг.
Эх сурвалж: NHK Japan