Говьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.
Энэхүү станц 2024 онд бүрэн ашиглалтад орсоноор төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй орон сууц дулаан болон хэрэглээний халуун усанд холбогдох юм.
Шинээр баригдах дулааны станц нь орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлын асуудлыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санаачлан хэрэгжүүлж буй төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон. Говьсүмбэр аймагт дулааны станц ашиглалтад орсоноор энэхүү бодлогын хүрээнд олон тооны хямд өртөг бүхий тохилог орон сууц баригдах нөхцлийг бүрдүүлэх юм.
Шинээр суурилагдах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух нь ашигт үйлийн коэфциент (85-90%) өндөртэй тул түлшний бүрэн шаталт явагдсанаар нүүрсний хэрэглээ, үнсний гаралтыг бууруулах юм. Мөн дулааны станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын утааны гол бохирдуулагчдын дундажтай харьцуулахад хүхэр, азот, тоосонцрыг 70-90 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна.
УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба
Холбоотой мэдээ