Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргасан тохиолдолд амралтын өдрүүдэд бүртгэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын 28-ны 17:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Япон цэргийн дурсгалын газар хүрэх чиглэлийн замд приус-20 маркийн автомашин онхолдсон осол гарчээ. Цагдаагийн байгууллагаас ослын газрын үзлэгийг хийж шалгалт явуулахад жолооч М нь зорчигч хоёр иргэний хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар 1-12 хүртэлх насны таван хүүхдийн хамт хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө хашааг мөргөж, онхолдсон байна. Шалгалтын ажиллагааг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 2.06 хувийн согтолттой гарсан. Гэмтсэн зорчигчдыг эмнэлгийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд учирсан хохирлыг төлүүлж, жолоодох эрхийг хасна гэсэн юм.
Иймд жолооч, эцэг эхчүүд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.