Балбын уулсын дунд үүлэрхэг цаг агаарын улмаас осолдсон байж болзошгүй зорчигч тээврийн онгоцны байршлыг аврагчид илрүүлжээ. Тодруулбал, Тара Эйр компанийн 22 зорчигчтой онгоц Катмандугаас баруун тийш 200 км зайд орших Покхара хотоос Жомсом хот хүртэл хуваарийн дагуу нислэг үйлдэж байсан. Онгоцонд зорчиж явсан 22 хүний гурав нь нислэгийн багийн гишүүн байжээ.
Эрлийн ажиллагаанд армийн болон хувийн нисдэг тэргүүд оролцож байгаа гэж Балбын Иргэний нисэхийн газраас мэдэгдэв. Гэвч шөнө орсон хур тунадасны улмаас цаг агаар муудаж, эрлийн ажиллагааг түр хойшлуулаад, өнөө өглөөнөөс /2022.05.30/ дахин эхэлж байгаа гэлээ.
Орон нутгийн оршин суугчид гал гарч байгааг харсан гэж мэдээлсэн. Аврагчид тус байрлал руу очихоор оролдож буй ч яг юу шатаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна гэв. Цэргүүд ослын газарт очсоны дараа л албаныхан мэдээллийг баталгаажуулна гэлээ.
Онгоцны хяналтын “Flightradar24” хуудсанд мэдээлснээр, онгоц Покхараас орон нутгийн цагаар өглөө 09:55-д хөөрч, 10:07 цагт сүүлчийн дохиогоо дамжуулсан байна. Тэр үедээ 3900 метрийн өндөрт байсан гэв. Нислэгийн үргэлжлэх хугацаа 20 минут байжээ.
Онгоцонд гадаадын зургаан хүн байсны Энэтхэгийн дөрөв, Германы хоёр иргэн байсан гэж нэрээ нууцалсан цагдаагийн эх сурвалж мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд тус бүсэд бороо хур элбэгтэй байгаа ч нислэгүүд хэвийн байжээ. Покхараас Жомсом хүрэх чиглэлийн онгоцууд газардахаасаа өмнө уулсын дундуур нисдэг байна. Энэ нь уулын замаар аялдаг гадаадын аялагчид болон Муктинат сүмд зочилдог Энэтхэг, Балбын мөргөлчдийн дунд түгээмэл байдаг маршрут юм. Тус чиглэлд өмнө нь 2012, 2014, 2016 онуудад осол болж, олон арван хүний амь үрэгдэж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: AP