Банкны тухай дахиад л дуулиан. “Зоос”, “Анод”
банкны дуулиан намжаагүй байтал “Худалдаа, хөгжлийн банк дампуурах
гэж байна, 50 саяас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигчид нь шүүхэд
хандах гэж байна” гэсэн мэдээлэл гараад байна. Тус банкны зүгээс энэ бол
ташаа мэдээлэл хэмээн мэдэгдэл гаргасан. Яг ямар асуудлаас болж ийм
яриа гарсан талаар илүү мэдээлэл хүргэхийг зорилоо. Оргүй хоосноос цуу
яриа дэгддэггүй гэдэг хардлагын үүднээс… Ингээд энэ талаар Худалдаа
хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгээс тодрууллаа.
Б.Мэдрээ: Нэг хүний араншингийн асуудал болохоос биш
нийтийг хамарсан зүйл биш
-Худалдаа, хөгжлийн
банкны талаар сүүлийн үед гараад байгаа ярианы талаар та мэдэж байгаа
байх. Танай банкнаас мэдэгдэл гаргасан байна лээ. Гэхдээ танаас яг ямар
асуудал үүсээд байгаа талаар асуумаар байна л даа. Тухайлбал, 50 сая
төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийг гэрээ ёсоор сар бүрээр хүүг нь
тооцох ёстой мөртлөө, зургаан сараар хүү бодсон. Хадгаламж эзэмшигчид
шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Хэдэн хүн гомдол
гаргаад байгаа юм бэ. Хүү бодохдоо танай ажилтнууд алдаа гаргасан юм уу?
-Иргэн О 2008 оны арваннэгдүгээр сард
хадгаламжийнхаа хүүг зургаан сараар сунгасан. Гэрээн дээр өөрөө гарын
үсгээ зурсан. Ингээд жилийн дараа ирж манайд гомдол тавьсан. Тухайн үед
дэлхийн санхүүгийн зах зээл хямарч, иргэд айдастай байсан. Иргэдийн
хадгаламжийг баталгаажуулах тухай хууль гараагүй байсан. Иргэд айдастай,
зарим нь хадгаламжаа татах, эсвэл хадгаламжийн хугацаагаа багасгаж,
урьд нь 12 сарын хадгаламж нээлгэдэг байсан хүн зургаан сар болгож
байсан үе.
Тэгээд өөрөө 12 сараар хадгаламжаа
сунгуулсан гэж бодсон бололтой юм. Нэгэнт гэрээн дээр гарын үсэг нь
байгаа болохоор манай дотоод аудитынхан бичиг баримтаа эргэж нягтлаад
хариу өгсөн. Банкны хүүг Банкны нягтлан бодох бүртгэлийн олон улсад
стандарчлагдсан программаар боддог. Тийм болохоор иргэн О-гийн
хадгаламжийн хүүг ингэж бодно гэж тусгаарлаж үзэх ч боломж байхгүй.
Өөрийнх нь хувь хүний араншин нөлөөлсөн байх. “Ерөнхий сайд Батболдод
мэдэгдэнэ, банкийг чинь дампууруулна, сонин хэвлэлийнхэнд хандана” гэж
энгийн хэлээр бол хуурай агсарсан юм билээ. Тэгээд л хувийнхаа
араншингаар Худалдаа хөгжлийн банкны удирдлага Сангийн яамны
удирдлагатай нууцаар уулзсан, удахгүй энэ банк дампуурах гэж байгаа
гэхчилэн баахан хачир хужир нэмээд сонин хэвлэлд бичүүлсэн юм байна
лээ. Нэгийгээ сайн явж байхад янз бүрийн зүйл ярьж, хөөргөж, дэвэргэдэг
монголчуудын тамын тогооны үлгэр л юм даа.
-Банкны
салбар бол мэдээж эмзэг байдаг, ганцхан хүний яриа, араншингаас бараг
л банкны салбарыг нийтэд нь хөндлөө гэмээр ийм үйл явдал үүслээ гэж
үү? 2008 онд гэрээгээ сунгаад жилийн дараа гомдол гаргасан гэхээр бараг
өнгөрсөн оны сүүлээр өрнөсөн үйл явдал болох нь. Яагаад одоо энэ асуудал
ийм хүчтэй гарч ирэв. Банкны асуудлыг дэвэргэх гэсэн зохион
байгуулалттай явуулга байна уу?
-Ганц хүн л ийм
гомдол гаргасан, буух эзэнтэй, буцах хаягтай яриа болохоор би бүх
нийтийг хамруулаад банкийг бусниулах гэсэн санаа байна уу гэхгүй байна л
даа. Аливаа байгууллагад санал, гомдол гардаг. Түүнийг манай дотоод
аудит хянаж шалгаад хариу өгдөг, алдаа гарвал засч сайжруулахаар
ажилладаг. Дотоод аудит ажиллаад хариуг нь өгсөн хугацаа л ингэж таарав
уу гэж бодож байна.
-Дээр та цухас дурдлаа.
Сангийн яам, Монголбанкны удирдлагатай нууцаар уулзсан гэж хачир нэмсэн
гэж. Энэ талаар тайлбар хэлнэ үү?
-Энд Сангийн
яам гэж дурдсан байгаа. Банкны ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага
нь Сангийн яам биш, төв банк. Удирдлагуудтай уулзсан гэхээр Сангийн
яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичиг, банкны талаасаа бол гүйцэтгэх
захирал намайг хэлж байгаа биз. Тэгэхээр Мэдрээ гэдэг хүн сайд, дэд
сайд, төрийн нарийн бичгийн даргатай уулзаагүй гэж хэлмээр байна.
Б.Лхагвасүрэн: Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа
хэвийн байгаа
Худалдаа, хөгжлийн банкны
болон сүүлийн үед анхаарал татаж буй асуудлаар Монголбанкны Хяналт
шалгалтын газрын захирал Б. Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Худалдаа хөгжлийн банкны хадгаламж эзэмшигч
гомдолтой байгаа гэсэн мэдээлэл гарсан. Төв банкны хувьд энэ талаар
ямар мэдээлэлтэй байгаа вэ? Арилжааны банкуудад хяналт тавьдаг эрх бүхий
байгууллагын хувьд Худалдаа хөгжлийн банкны байдал ямар байгаа
талаар албан мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын
банкны системээр нийт 1,7 сая хүн үйлчлүүлдгийн хувьд, хувь хүмүүсээс
янз бүрийн гомдол гардаг. Тухайн хүмүүс манайд хандаж шалгуулдаг.
Хадгаламжтай холбоотой гомдлын хувьд ихэнхдээ өөрсдийнх нь анхаарал
болгоомжгүй байдал, буруу ажиллагаа нөлөөлсөн зүйл байдаг. Төв банкны
зүгээс өнгөрсөн оны сүүлчээр арилжааны банкуудад ээлжит шалгалтаа
хийж, энэ оны хоёрдугаар сард Бодлогын зөвлөлийн хуралдаанаар
хэлэлцсэн. Худалдаа хөгжлийн банкны хувьд үйл ажиллагаа хэвийн гэсэн
дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлсэн. Иймд тус банкны хувьд болгоомжлол,
түгшүүр төрүүлэх асуудал байхгүй. Үйл ажиллагаа хэвийн, оны эхний
нэгдүгээр сарын статистик мэдээгээр мөнгөн хөрөнгийн эргэлт 185 тэрбум
төгрөг, Монголбанкны үнэт цаас хэлбэрээр 79 тэрбум төгрөг байна.
Тэгэхээр болгоомжлол төрүүлэх зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Анод банкийг татан буулгах талаар албан ёсны
шийдвэр гараагүй байгаа. Хэзээ тодорхой болох бол?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Анод банкинд
Эрх хүлээн авах багийг 2009 оны арваннэгдүгээр сарын 30-наас
томилон ажилуулсан. Банкны тухай хуулийн холбогдох заалтын дагуу Эрх
хүлээн авагч нь гурван сарын дотор тухайн банкийг татан буулгах, эсвэл
банкинд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө хэрэгжүүлэх саналаа оруулж
ирэх үүрэгтэй. Эрх хүлээн авагчийн саналыг 30 хоногийн дотор
Монголбанк авч хэлэлцээд шийдвэрээ гаргах учиртай. Энэ гуравдугаар
сардаа багтаж шийдвэр гарах болно.
А.ТУЯА