"Зөвшөөрлийн хууль батлагдвал хүнд суртал, авлига буурна"

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

"Зөвшөөрлийн хууль батлагдвал хүнд суртал, авлига буурна"

"Зөвшөөрлийн хууль батлагдвал хүнд суртал, авлига буурна"

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай Зөвшөөрлийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. 


Өргөн баригдсан ч маш удаан хугацааны дараа Зөвшөөрлийн хууль хэлэлцүүлгийн шатанд орж ирж байна. Зөвшөөрлийн хууль бол төрөөс олгож буй маш олон зөвшөөрлийг цөөлөх гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ хуулийн гол концепци болоод иргэдэд ямар ач холбогдолтой гэсэн үг вэ? 

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг нэгдсэн хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 19-ны өдөр хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин, УИХ-ын даргын 2019 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 тогтоолоор ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан байдаг.

Ингээд УИХ-ын даргын 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар захирамжаар 3 дахь удаагаа ажлын хэсгийг дахин шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие,  ажлын хэсгийн гишүүдэд Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

-Тодруулбал? 

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өмнө байгуулагдсан ажлын хэсгүүдийн хуралдааны тэмдэглэлтэй танилцаж байхад хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл боловсруулах ажил нилээн хүндрэлтэй байсан болов уу гэж боддог юм. Учир нь нилээдгүй асуудал дээр санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй гарч байсан нь ажиглагдсан. Энэ нь ч аргагүй байх, хуулийн төслүүдийн үзэл баримтлал өөр, цаашлаад үзэл баримтлалынхаа хүрээнд зохицуулж байгаа харилцаа ч өөр өөрөөр байсан. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь зөвшөөрлийн харилцааг тухайлсан хууль буюу салбар хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь зөвшөөрлийн харилцааг Зөвшөөрлийн хуульд нийцүүлэн холбогдох хууль буюу салбар хуулиар тогтоож болно гэж тусгасан. Хамгийн сүүлд байгуулагдсан ажлын хэсэг өргөн мэдүүлсэн төслүүдийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зохицуулж буй харилцаа мөн зарим гадаад улсын хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийг  судалсны үндсэн дээр УИХ-ын  гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг суурилж, тус хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгтгэсэн төслийг боловсруулсан. Суурилах болсон гол шалтгаан нь, Монгол Улсад зөвшөөрлийн харилцааг тодорхой хэмжээгээр зохицуулж байгаа салбарын 160 гаруй хууль, үүнээс 40 гаруй хууль нь тухайн салбарын зөвшөөрлийн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулиуд байна.

Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрлийг олгох, сунгах хугацаа, мөн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүйд тооцох, дуусгавар болгох, барьцаалах, бусдад шилжүүлэх зэрэг зохицуулалтууд тухайн салбарын онцлгоос хамаарч өөр өөрөөр нарийвчлан зохицуулсан байгаа юм.

Жишээ нь уул уурхайн чиглэлийн хуулиуд Ашигт малтмал, Газрын тос, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих зэрэг, банк санхүүгийн чиглэлийн хуулиуд Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай гэх мэт, тухайн зөвшөөрлийн бүхий л харилцааг дэлгэрэнгүй зохицуулж буй 40 гаруй хуулиуд байгаа бөгөөд эдгээр хуулийг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нэгдсэн байдлаар зохицуулах боломжгүй байгаа юм. Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлал нь зөвшөөрлийн бүхий л харилцааг нэг хайрцганд оруулж, харилцааг нэг л зарчмаар явуулахаар зохицуулсан байсан. Ер нь хууль эрх зүйн хөгжил, өөрчлөлт, шинэчлэл бол нийгмийн хөгжлийн хурдацтай зэрэгцэн хөгжиж, уялдаж байх шаардлагатай байдаг.  Нөгөө талаар аливаа харилцааг нэг хуулиар хатуу зохицуулах нь хэрэгжилт дээр алдаа гарах, хэрэгжихгүй байх нөхцлийг бүрдүүлэх, бусад хууль тогтоомжтой уялдахгүй зөрчилдөх зэрэг олон сөрөг үр дагавар бий болох магадлал өндөртэй байдаг. Зөвшөөрлийн харилцааг нэг зарчмаар зохицуулаад хэрэгжих боломжгүй гэдгийг харуулсан гадны туршага ч байна. Энэ мэт маш олон талаас нь судалгаа, үндэслэл, туршлага зэргийг судалж байж, нэгтгэсэн төслийг боловсруулсан. Тэгэхээр нэгтгэсэн төслийн үзэл баримтлал бол би дээр  дурдсан тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг Зөвшөөрлийн хуулиар зохицуулана, энэ үзэл баримтлалын хүрээнд холбогдох зохицуулалтууд туссан гэж хэлж болно.

"ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БОЛНО"

-Уг хууль батлагдсанаар иргэдэд ямар ач холбогдолтой вэ. Бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн зөвшөөрөлтэй холбоотой дарамт байхгүй болно гэж ойлголоо?

-Зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар нэгт, зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно. Тухайлбал хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл олгохгүй, зөвшөөрлийн төрлийг нэмэгдүүлэхийг хуулиар хориглоно, мөн зөвшөөрлийн бүхий л ажиллагааг нээлттэй ил тод, шуурхай явуулах зарчмын хүрээнд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд зөвшөөрлийг олгох, эсхүл татгалзах хариуг зөвшөөрөл хүсэгчид өгөх, өгөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг байна.

Хоёрдугаарт,  хуульд зааснаас бусад үйл  ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ. Гуравт, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа ил тод нээлттэй болно.

Үүн дээр цахим технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлүүдийг аль болох бууруулах юм. Зөвшөөрлийн харилцааны хамгийн чухал нь ил тод байдлыг хангах. Дөрөвт, зөвшөөрөл дагасан авлига гаарч байгаа нэг шалтгаан нь нэгдсэн мэдээллийн сан байдаггүйтэй холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь мэдээж, зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн сан. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан мэргэжлийн холбоод ямар, ямар зөвшөөрөл олгосон байдаг, зөвшөөрөл хүсч байгаа иргэн, аж ахуй нэгжид зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж зэрэг бүх мэдээллийг ил болгох юм.

Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлига, албан тушаалын гэмт хэрэг үүсэхгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байгаа.

Улсын хэмжээнд төрөөс иргэдэд хичнээн төрлийн зөвшөөрөл олгодог вэ. Энэ зөвшөөрлүүд иргэдэд ямар чирэгдэл учруулдаг вэ. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн хууль төрийн хүнд суртлыг бууруулна гэсэн үг үү. Иргэнд ирж байгаа дарамтууд яаж багасах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2001 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр батлагдсан. Энэ хугацаанд тус хуульд 69 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг.  Тус хуульд 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор заасан хэдий ч аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журмыг салбарын хуулиар нарийвчилан тогтоох, Засгийн газрын тогтоол, яам, агентлагийн тушаал, орон нутгийн Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэрэг олон шатны байгууллагын эрх зүйн актаар зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж, албан бус тоогоор 1600 гаруй болж нэмэгдсэн байна. Энэ тоо нэмэгдсэний хирээр тухайн зөвшөөрөлд тавигдах шаардлагууд ч ихэссэн. Манайд нийтлэг байдаг үзэгдэл байна.  Энэ нь  үйл ажиллагаа эрхлэх гээд хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур, холбогдох материалыг бүрдүүлээд очихоор ахиад 2-3 холбогдох төрийн байгууллагаас тодорхойлолт, санал, дүгнэлт гэх мэт холбогдох бичиг баримтыг авч ир гэдэг. Ингээд тухайн байгууллагад хандахаар анх бүрдүүлж өгснөөс ялгаагүй бичиг баримт шаарддаг, нөхцөл, шаардлага тавьдаг.

Тэдгээрийг шийдвэрлэх хугацаа нь ч мөн адил урт, ингээд иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд бүтэн жил тойрч байгаа тохиолдол ч байна.

Мөн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийн ангилал тодорхой тусгагдаагүйгээс тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөлд үндэслэн нэмэлтээр олгож болох зөвшөөрөл нь нөхцөл, шаардлага, бичиг баримтын хувьд үндсэн зөвшөөрөлтэйгөө адилхан, энэ нь бизнес эрхлэж байгаа, цаашдаа эрхлэхээр төлөвлөж байгаа хэн бүхэнд эдийн засгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч хохиролтой. Нөгөө талаар энэ олон шат дамжлага, нөхцөл шаардлага бий болсноор төрийн албан хаагчдын хүнд суртал ихсэх, авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх нөхцлийг ч бүрдүүлж байгаа. Өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрсэн нь хууль тогтоомжийн уялдаа холбоо хангагдаагүйгээс үүссэн гэж хэлж болохоор. Дээрх асуудлыг тодорхой болгох, хууль хоорондын давхардал хийдлийг арилгах үүднээс тухайн зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нэмэлт, мэдээ, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт зэргийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авахаар төсөлд тусгасан.  Өөрөөр хэлбэл төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй, хуулиар тавигдах нөхцөл шаардлагын хувьд хамгийн бага шаардлага тавих зохицуулалтыг тусгаад байна.

" ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АЖИЛЛАГААНЫ ЦААНА ХЭЭЛ ХАХУУЛЬ ХАМГИЙН ИХ БАЙДАГ "

Төрөөс олгож буй зөвшөөрөл бүрийн ард хүнд суртал, авлига явж байдаг. Нэг зөвшөөрөл авахын тулд танил тал эсвэл авлига өгөх шаардлага иргэдэд тулгардаг. Хуулиар авлига, хүнд суртал алга болох нэг алхам болж чадах уу?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 220 байх ёстой зөвшөөрөл 1600 гаруй болтлоо нэмэгдсэн байгаа нь аливаа үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, холбогдох мэдээ, мэдээлэл, явагдах ажиллагаа нь нээлттэй, ил тод биш, ойлгомжгүй байдгаас иргэн, аж ахуйн нэгжийн хувьд хүндрэлтэй. Мөн үүнтэй холбоотой төрийн албан хаагчийн хүнд суртал авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг гарах эрсдэл ч нэмэгддэг байх. Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн баталсан гадаад улсын туршлагаас харахад, тухайлбал, Гүрж улс 2005 онд Зөвшөөрлийн тухай хуульдаа шинчлэл хийсэн бөгөөд авилгын төсөөллийн индексээрээ тухайн үед 130-д жагсаж байсан.

Харин хууль баталснаар энэ үзүүлэлт урагшилж, 2020 онд 45-д жагссан байгаа нь зөвшөөрлийн харилцаа нь авлигын хэрэгтэй шууд утгаараа холбогддогийг харуулж байгаа тод жишээ юм аа.

Монгол Улсад авлига, хээл хахууль хаана, ямар салбарт илүү байгаа талаар Азийн хөгжлийн сангаас гаргасан судалгаанд уул уурхай хамгийн их авлигатай салбар бол тендер, тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны цаана хээл хахууль хамгийн их авдаг гэж нэрлэж байсан. Монгол Улс авлигын индексийн дүнгээр 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байранд эрэмбэлэгдэж, нэг байраар урагшилсан байна. Мэдээж авлигын индексийн үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүд их байдаг хэдий ч Зөвшөөрлийн хууль батлагдснаар авлигын гэмт хэргийн үзүүлэлтэд тодорхой эерэг үр дүн гарна гэсэн төсөөлөлтэй байна.

Техник, технологи хөгжсөн энэ цаг үед төрөөс олгож байгаа олон төрлийн үйлчилгээг цахимжуулах шаардлагатайг иргэд шүүмжилдэг. Тэгэхээр хуульд зөвшөөрлүүдийг цахимжуулах талаар ямар нэг зохицуулалт орсон уу?

-Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд батлагдсан, мэдээж эдгээр хуультай нийцүүлж холбогдох өөрчлөлтүүдийг тусгасан. Тодруулбал, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд зөвшөөрлийг олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн шийдвэр болон хүчингүй болгосон, зөвшөөрлийг барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн мэдээллийг цахим нэгдсэн санд бүртгүүлэх бөгөөд уг сангийн нэгдсэн ажиллагааг Зөвлөлийн ажлын албан хариуцан ажиллана. Эрх бүхий этгээдээс ирүүлсэн мэдээллийг ажлын алба гурван өдрийн дотор бүртгэж, нэгдсэн санд байршуулж, нийтэд мэдээллэх арга хэмжээ авах зохицуулалтыг төсөлд туссан. Ер нь зөвшөөрлийн бүхий л харилцааг цахим хэлбэрээр зохион байгуулах зохицуулалт хуульчлагдснаар иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болно гэсэн үг юм. Түүнчлэн зөвшөөрлийг олгох, сунгах процессын үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэгчид цахимаар, нээлттэй ил, тод мэдээллэж байх зарчмыг баримталж байгаа.

Зөвшөөрлүүд дундаас тусгай төрлийн зөвшөөрөл гэж бий. Жишээ нь, уул уухайн лиценз гэх мэт. Энэ асуудлыг хуулиар яаж зохицуулахаар тусгасан бэ?

-Нэгтгэсэн төсөлд нийт 14 чиглэлээр 358 гаруй тусгай зөвшөөрлийг нэрлэн заасан. Мэдээж чиглэлийнхээ дагуу салбар болгон тухайн үйл ажиллагааны хувьд онцлог шинж, тавигдах шаардлага өөр өөр байдаг. Энэ ч үүднээс салбар хуулиар зөвшөөрөл олгох хугацаанууд харилцан адилгүй байгаа. Зөвшөөрлийн бүхий л харилцааг нэг хайрцагаар зохицуулах боломжгүй.  Өөрөө хэлбэл, хугацааны хувьд хатуу тоо тавих биш хамгийн бага байх боломжит хугацааг хуулийн төсөлд тусгасан. Зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилсан байгаа.

Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгохоор тусгасан. Тухайн зөвшөөрлийн үйл ажиллагааны онцлог, эрсдэл, нөгөө талаасаа мөн л бизнес эрхлэгчдэд таатай байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс хугацааны дээд хязгаарыг салбар хуулиараа зохицуулдаг байх нь зөв.

Нэгтгэсэн төсөлд туссан өөр нэг гол асуудал нь байгалийн баялагийг ашиглахтай холбоотой зохицуулалт, ажлын хэсэг гадаадын хэд хэдэн улсын тусгай зөвшөөрлийн хууль тогтоомжийг судлахад газар, газрын хэвлий, түүний баялаг болон байгалийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах, хөгжүүлэх үүднээс эдгээртэй холбоотой зөвшөөрлийг шударга өрсөлдөөний аргыг ашиглан явуулах зарчмыг хуульчилсан байгаа нь анзаарагдсан. Тухайлбал, Гүрж улс тусгай зөвшөөрлийн хуулиар байгалийн баялагтай холбоотой зөвшөөрлийг нэрлэн зааж, тэдгээрийг дуудлага худалдаагаар явуулах зарчмыг тодорхойлсон.  Мөн уул уурхай ашиглах, барилга барих лиценз зэргийг авахад урьдчилан рашаан, ус ашиглах зөвшөөрлийг авсны дараа тухайн зөвшөөрлийг олгох зарчмыг хуульчилсан байна. Энэ үүднээс нэгтгэсэн төслийн жагсаалтад туссан нийт зөвшөөрлөөс байгалийн баялагтай зөвшөөрлийг судлахад 20 гаруй зөвшөөрөл байсан. Тэдгээрийг олгох зарчим тодорхой бус, тухайн зөвшөөрөл нь эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэрээр нээлттэй, ил, тод бусаар олгогдож байна. Тодруулж хэлбэл, зөвшөөрлийн нарийвчилсан харилцааг журмаар зохицуулах эрхийн хүрээнд ховор, ан, амьтныг гадаадад гаргах, ойн дагалт баялагийг ашиглах, рашаан, усыг ашиглах зэрэг зөвшөөрлийг сайдын тушаалаар, түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байна. Дээрх судалгаануудыг үндэслэн ажлын хэсгээс нэгтгэсэн төслийн жагсаалтад туссан байгалийн баялагтай холбогдох зөвшөөрлийг нэрлэн зааж, тухайн зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тод орчинд ижил тэгш өрсөлдөөнийг бий болгох зорилгын хүрээнд дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалтын зарчмаар явуулах зохицуулалтыг шинээр тусгаад байна.

"ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ 30 ХОНОГТ БАГТААН ШИЙДВЭРЛЭХЭЭР ТУСГАСАН"

Зөвшөөрөл олгох процесс болоод хугацаа ямар байх вэ. Нэг зөвшөөрөл авах гэж иргэд маш олон бичиг баримт бүрдүүлэх, хугацаа алддаг. Эсвэл сар бүр сунгуулах зэрэг олон асуудал тулгардаг. Тэгэхээр зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийн хугацааг яаж зохицуулж байна?

-Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгох, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх, хэрэв хуулийн хугацаанд үндэслэлгүйгээр хариу өгч, татгалзаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцох, сунгах тохиолдолд бол тусгай, энгийн аль аль зөвшөөрөлд хуулийн хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд сунгасанд тооцдог байх зэрэг асуудлыг төсөлд нэмж тусгасан. Тэгэхээр зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх нь аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг гэж ойлгож болно.

Мөн дээрх 23 хоног дотор магадлан шалгах ажиллагаа буюу төрд байгаа нэмэлт мэдээлэл, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт гаргуулах ажиллагаа ч мөн адил багтсан байгаа.

Зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх ажиллагааг хуулиар 30 хоногт багтаан шийдвэрлэхээр тусгаж байгаа.  Гэсэн ч салбар хуулиар тухайн зөвшөөрлийн онцлог, тавигдах нөхцөл, шаардлагыг магадлан шалгахад зайлшгүй шинжээч, эсхүл мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх зохицуулалт байгаа тул ажлын хэсэг дээрх ажиллагааны хугацааг ч мөн адил багасгах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Учир нь мэргэжлийн зөвлөл, шинжээчийн дүгнэлтийг өргөдөл шийдвэрлэх хугацаа буюу 30 хоногт багтаан шийдвэрлүүлэх боломжгүй байгаа юм. Тухайлбал, тэсэлгээний ажил явуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх зөвшөөрөлд цагдаа, тагнуул, онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагаас санал, дүгнэлтийг авах ажиллагаа зайлшгүй хийгддэг. Дээрх асуудлыг 30 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэх боломжгүй гэдэг саналыг ч мэргэжлийнхэн хэлж байгаа юм. Тэгэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх ажиллагаа бол 30 хоногт багтаан явагдана. Харин тухайн зөвшөөрөлтэй холбоотой мэргэжлийн зөвлөл, шинжээчийн санал, дүгнэлт гаргах ажиллагааны хувьд боломжит богино хугацаанд шийдвэрлэдэг байх зохицуулалтыг ажлын хэсэг судлан ажиллаж байна.

өвшөөрлийн хуулийг зөрчсөн бол хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Хариуцлагын хувьд бол зөвшөөрөл ч гэлтгүй авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Харин Зөвшөөрлийн тухай хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийн нэр төрлийг шинээр нэмэгдүүлсэн, задалсан, салгасан түүнчлэн зөвшөөрлийг олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр гаргасан эрх бүхий этгээд, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээд хариуцах зохицуулалтыг тусгаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж