Улсын төсвөөр баригдах хөшөө, дурсгалын цогцолбор төлөвлөгөөт хугацаанаас хэтэрсэн тохиолдол ховор. Гэтэл улсад нэн шаардлагатай түлэнхийн эмнэлгийн барилга ашиглалтад орох гэсээр өдгөө 11 дэх жилээ угтаж буй. Covid-19 дотоодод бүртгэгдэхээс өмнө салбар яамныхан 2020 онд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэдгээ сар бүр мэдээлж байсан ч саатсан. Тиймээс энэ жил Эрүүл мэндийн яам түлэнхийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд онцгой анхаарч байгаагаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй тавдугаар сард багтаж тус эмнэлгийг улсын комисс хүлээж авах амлалт хүртэл өгсөн билээ.
Тодруулбал, ЭМЯ-ны ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг тавдугаар сарын 13-нд "Энэ сардаа багтаж эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Улсын комисст эмнэлгийн барилгыг шалгаж яаралтай хүлээж авах хүсэлт өгсөн" гэсэн юм.
Эмнэлгийн үйл ажиллагаа ирэх сараас эхлэх эсэхийг холбогдож тодруулахад "Улсын комисс барилгыг нь хүлээж аваагүй. Ямартай ч ЭМЯ-наас хугацаа товлосон учир ойрын хугацаанд нээхэд анхаарах байх. Гэхдээ хугацаа хойшилж, зургаагаас долдугаар сард нээж магадгүй. Одоогоор албан бичиг бол ирээгүй байна" гэлээ.
Тус эмнэлэг Монголд зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний төв. Гэвч холбогдох яамны болон албаны хүмүүс ажилд ахиц гаргахыг төдийлөн хүсдэггүй талаар иргэд шүүмжилсээр өнөөдөртэй золгож буй юм. Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Харамсалтай нь, хил гааль хаагдаж, шаардлагатай зарим тоног төхөөрөмж гацсаны улмаас барилгын ажлыг түр хойшлуулсан. Тиймээс энэ оны хоёрдугаар сард багтааж ашиглалтад оруулна гэсэн ч мөн л биелээгүй. Ийнхүү хугацаа заасан мэдэгдэл амлалт төдий болоод уджээ. Уг нь тавдугаар сард багтаж туузаа хайчлавал тус эмнэлгээр үйлчлүүлэх шаардлагатай хүмүүст үүнээс өөр бэлэг байхгүй.
Учир нь улсын хэмжээнд жилд дунджаар 18-20 мянган түлэгддэг гэсэн статистик бий. Эдгээрээс эмнэлгийн тусламж огт авч чадаагүй хүн олон байдаг.
Түлэнхийн төв улсын төсвөөс гадна 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг ч зарцуулсан. Гэсэн ч гүйцэтгэл нь хөсөр хаягдсаар олон жил үйл ажиллагаагаа эхлээгүй.
Эмнэлгийн А блокын ажлыг “Цаст констракшн” компани, Б блокыг “Нутгийн зам” групп барьсан. Харин гурав дахь блок нь цогцос хадгалах байрны зориулалттай байсан ч орон сууцны барилга болон хувирсан.
Засгийн газраас нийт 9.6 тэрбум төгрөгийг энэ барилгад зарцуулсан атал гүйцэтгэл нь маш бага төсөвтэй байгааг иргэд гайхаж сууна. Түлэнхийн төв ашиглалтад ороогүйн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг тасагт өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж буй. Тус тасаг үндсэн 60-80 орон дээр өвчтөн авах зориулалттай ч 30 хүртэл тооны ор л тус тасагт байдаг аж. Шалтгаан нь, тасгийн зай талбай бага тул өвчтөнүүдийг авахдаа корридорт болон үндсэн тасагтаа байлгахаас өөр аргагүй юм байна.
Зориулалтын барилга нь ашиглалтад орохгүй удаж байгаагаас төлөвлөгөөт хагалгаа болон хуваарьт мэс заслууд ч цөөн хийгдэж байгаа ажээ. Энэ нөхцөл байдлыг харгалзаж, ЭМЯ түлэнхийн төвд эрх биш анхаарах ёстойгоо ойлгосон нь сайн хэрэг. Гэвч гол асуудал нь тавдугаар сар дуусахад хоёр хоног үлдлээ. Улсын комисс энэ хугацаанд барилгыг хүлээж авах уу…?
Холбоотой мэдээ