Сурвалжлага: Нүхтэй хавтан төсөв хэмнэх арга

Хуучирсан мэдээ: 2022.05.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Нүхтэй хавтан төсөв хэмнэх арга

Сурвалжлага: Нүхтэй хавтан төсөв хэмнэх арга

Хотын энхэл донхол зам дээр нүхтэй зам нэмэгдэв. Учир нь сүүлийн үед хотын гудамжинд явган хүний зам, авто зогсоолын талбайг нүхтэй эко хавтангаар хийх болсон нь иргэдийн шүүмжлэлийг дагуулах болсон юм. Ийм нүхтэй хавтан дээр таягтай хүн, хүүхдийн тэрэг явахад хүндрэлтэйгээс гадна бүсгүйчүүд өсгийтэй гуталтай хотын гудамжаар алхаж чадахаа байлаа гэх гомдлыг хүртэл хэлж буй.

Замын инженерүүдийн зүгээс энэ эко хавтанг зам дагуух даланд ашиглах нь тохиромжтой гэдгийг хэлж байв.

Бидний хэлж заншсанаар Хүүхдийн паркын урд талбай, Урт цагааны авто зогсоол гэх мэт газруудаас гадна зарим томоохон супермаркет, үйлчилгээний газрын үүдэн хэсгийг энэ хавтангаар тохижуулсан байдаг.

Иргэн Ю.Батсүх "Хотын зарим хэсгээр алхаж байхад нүхтэй хавтантай газар таардаг. Одоо яг тэр гэж нэрлэхээр санаанд орж ирэхгүй юм. Ямар ч байсан энгийн хүн алхахад хүндрэлтэй, шагайгаа булгалчих шахдаг. Тэгэхээр хөгшин настай, бага насны хүүхдүүдэд бүр эрсдэлтэй шүү дээ. Тиймээс хямдыг нь бодолгүй иргэдээ бодож явган хүний замаа шийдэж, тохижуулж байгаасай" гэв.
"АВТО ЗОГСООЛЫН ТАЛБАЙГ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ГЭЖ АНДУУРСАН"

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 53 дугаар сургуулийн зүүн талд тохижилтын ажил хийсэн. Ингэхдээ явган хүний замыг нүхтэй эко хавтангаар хийж байна гэж иргэд шүүмжилж байв. Гэтэл газар дээр нь очиход явган хүний зам бус авто зогсоол тавьж байгааг иргэд буруугаар ойлгосон гэдэг тайлбарыг албаныхан өгсөн юм.

БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн Г.Жавзандулам:

-Өмнө нь энэ газар өнгө үзэмж муутай гражууд байсан. Нэг талаараа гражуудыг буулгаж, тохижуулж байгаа нь зөв. Ингэхдээ явган хүний замыг тэгш хавтангаар хийгээсэй гэж хүсч байна. Иргэдийн хувьд ч гэсэн нүхтэй хавтан тавьж байгаад шүүмжилсэн байна лээ. Би ажилчдаас нь асуухан автомашины зогсоол хийж байгаагаа хэлсэн. Уг нь багахан ч гэсэн ногоон байгууламж байгуулсан бол гэж бодож байна. Манай хороонд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүд ногоон байгууламжтай ч хүүхдүүдээ салхилуулахаар хөөгөөд байдаг. Зуны амралтаар хүүхдүүдээ салхилуулах гэхээр хашаагаа цоожилчихдог. Ер нь хүүхдийн тоглоом, ногоон байгууламж тун ховор.

"ХОРООНЫ ИРГЭДЭЭС САНАЛ АВАХАД 98 ХУВЬ НЬ ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ДЭМЖСЭН"

Тус хорооны Засаг дарга Б.Булганхүү:

-Манай хороо 20 мянган хүн амтай. Хороонд байрлах ерөнхий боловсролын 44, 53 дугаар сургуульд нийт 8000 орчим хүүхэд суралцдаг. Тухайн сургуульд эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүргэж, өгч авахад орц, гарцны хүндрэлтэй асуудал үүсдэг. Тийм учраас энэ газар байсан гражуудыг буулгаж, 60 хувийн ногоон байгууламжтай авто зогсоолыг тохижуулж байгаа юм. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөс гадна байрны оршин суугчид машинаа үнэ төлбөргүй байршуулах боломжтой болох юм.

Манай хороонд 8000 м.кв талбай ногоон байгууламж нэн шаардлагатай байгаа. Тохижилт эхлэхийн өмнө хорооны иргэдээс санал авахад 98 хувь нь зөвшөөрч, дэмжсэн.

Анх гражийн эзэд нөхөн төлбөрийн асуудал ярьж байсан ч бүх нийтээрээ ийм арга хэмжээ авсан учраас дэмжин ажилласан.

"ГАЗАР ДООР ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ ЯВЖ БАЙГАА УЧРААС ЭКО ХАВТАН ТАВЬСАН"

БЗД-ын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвийн дарга Б.Бямбажаргал:

-Нийслэлийн 53 дугаар сургууль орчимд явган хүний замгүй, хуучны урт гражууд байсан. Тиймээс гражуудыг буулгаж, 60 орчим хувийн ногоон байгууламжтай 21 автомашин зогсоолтой, явган хүний гарцтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол, хоёр метр өргөн явган хүний зам, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөч хавтантай, 36 мод, хоёр сүүдрэвч бүхий ажлыг хийж байгаа юм. Олон нийтийн сүлжээгээр иргэд авто зогсоолын хэсгийг явган хүний зам гэж андуурч, шүүмжилсэн.

Бид яагаад авто зогсоолын талбайг эко хавтангаар хийсэн бэ гэхээр энэ хэсэг газарт инженерийн дэд бүтэц буюу шугам сүлжээ явж байгаа. Хэрвээ цементээр хучилт хийвэл эргээд хуулж, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай болно. Нүхтэй хавтанг тодорхой хэмжээгээр дүүргэх учраас иргэдэд хүндрэлгүй байх болно. Эко хавтанг заавал даланд ашиглана гэсэн стандарт байхгүй. Наранд халдаггүй, ус чийгийг доош нэвтрүүлдэг, гадаргуун 50 хувь зүлэг ургах боломжтой, хямд үнэтэй гэх мэт ашигтай тал бий.

"ЭКО ХАВТАН БОЛ ТӨСӨВ ХЭМНЭХ АРГА"

Дүүргийн төсвөөс нийт найман сая орчим төгрөгөөр энэ талбайг тохижуулж байгаа аж. Нийтийн эзэмшлийн талбайд үйлчилгээний газар байгуулж, газраа чөлөөлөхгүй ганц нэг айлаас болж тохижилтын ажил удааширсан гэдгийг албаныхан хэлэв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Нүхтэй эко хавтанг далангийн шороо нурахаас хамгаалж тавьдаг. Тухайн дүүргийн төсвөөр хийж буй тохижилтын ажил учраас манай газраас хяналт тавиагүй. Манайхаас шинэ зам тавихдаа явган хүний зам, хашлага зэрэг тохижилтын ажил хийдэг. Тэрнээс биш дангаараа явган хүний зам, бордюр, талбайн тохижилтын ажил хийдэггүй" гэдгийг хэлсэн юм.

Харин замын инженерүүд зүгээс "Монголд замын даваа гүвээ, халтиргаатай газар чулуун зам юм уу, хэлбэртэй хавтанг тавьдаг. Тэрнээс биш олон нийтийн явган хүний зам тавих тохиромжгүй. Цементэн хучилт тавихад хоёр сантиметрээс дээш зузаантай, заадас хийж, өндөр градуст халаахаас эхлүүлээд зардал өндөртэй, нэг м.куб нь хоёр сая орчим төсөвтэй байх жишээтэй.

Харин үүний оронд эко хавтанг тавих нь хамаагүй хямд зардал гарна. Тийм учраас эко хавтан бол төсөв хэмнэх арга. Хэрвээ тухайн газрын доор далд байгууламж буюу инженерийн байгууламж байгаа бол эко хавтанг ашиглахаас өөр аргагүй гэв.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж