Удахгүй болох хүүхдийн баяраар ууттай бэлэгний эрэлт, хэрэгцээ өсдөг. Савласан бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн хийх, хэт өндөр сахартай хүнсний нэмэлт агуулсан чанаргүй чихэр, жигнэмэг байх эрсдэлтэй. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээж авч байна.
Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах шаардлагатай. Мөн хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллахыг ШӨХТГ-аас зөвлөж байна. Ууттай бэлэг сонгон авч буй хүмүүс аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа хэд хэдэн зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Тухайлбал, худалдан авах гэж буй хүүхдийн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгах нь зөв. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдээ сайтар танилцсаны дараа сонголтоо хийх хэрэгтэй.
Хэрэв дээрх зөвлөмжтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон дараах сайтад хандана уу.
- https://afccp.gov.mn сайт,
- https://www.facebook.com/afccpmongolia пэйж,
- https://www.facebook.com/groups/391583442769715 групп,
- bichigkhereg@afccp.gov.mn мэйл,
твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ