Арилжааны банкууд ам.долларыг тодорхой хязгаартай олгож эхэлснээр валютын зах “Найман шарга”-д хүний хөл тасраагүй. Эрэлт хэрэгцээ бий болохын хэрээр түүнийг дагасан ханшийн хөөсрөл сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Харин энэ долоо хоногоос ханшийн савлагаа харьцангуй тогтворжсон байна. Тодруулбал, арилжааны төвүүдэд ам.доллар 3120-3140 төгрөг болж буурчээ.
Өнгөрсөн 3-4 дүгээр сард ам.долларын ханш долоо хоногийн дотор 2950-3300 төгрөгт хүрсэн билээ. Харин арилжааны банкууд хязгаарлалтаа тодорхой хэмжээнд сулруулснаар энэ хөөсрөл бууж эхэлсэн байна.
Тодруулбал, валютын зах дээр ам.долларын өнөөдрийн ханш 3120 төгрөгт хүрчээ. Гэхдээ дээд тал нь 5-10 мянга хүртэлх ам.долларыг л зарж байгаа нь хэвээр байгаа аж. Арилжааны гол захад ам.доллар өмнө нь 10 хоногийн дотор 300 төгрөгөөр хэлбэлзэж, өдөр ирэх бүрд ханш өсч байсан нь ховор. Үүнээс болж Монгол Улсад валютын хоёр ханш тогтох нь гэдгийг ч сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болоод эдийн засагчид хэлж байв. Харин Засгийн газраас анхаарч ажиллаж, Монголбанк албан мэдэгдэл банкуудад хүргүүлснээр хоёр ханшийн зөрүү багасч эхэлсэн. Гэвч анхны ханш дээр эргэж очих эсэх нь өнөөгийн нөхцөл байдалд хугацаа их шаардахыг эдийн засагчид хэлж байна.
Банкуудаас асуухад өдрийн лимитийг нэмсэн. Шаардлагатай иргэд өргөдөл бичиж, өдрийн лимитийг өсгөх боломжтой. Эм импортлогч болоод эмчилгээний зардал төлөх иргэдийн хувьд валютын гүйлгээ нээлттэй байгаа гэсэн юм.
Харин валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш 3100 төгрөгөөс буухгүй гэсэн юм.
МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН АМ.ДОЛЛАРЫН ӨНӨӨДРИЙН ХАНШ 3120 ТӨГРӨГ
Монголбанкнаас өнөөдөр /2022.05.29/ зарласан ханшийн тухайд ам.доллар 3121 төгрөгтэй тэнцэж байна. Ингэснээр төвбанкны ам.долларын ханш “Найман шарга”-тай тэнцлээ. Харин арилжааны банкууд болох "Төрийн банк", "Хаан", "Голомт", "Худалдаа хөгжлийн банк" зэрэг банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэдэд ам.доллар хэвийн олгож байгаа. Мөн худалдаа эрхлэгчдийн хүсэлтийг харгалзаж 10 сая төгрөгөөс дээш ам.долларын шилжүүлгийг ч хийж эхэлжээ.
Холбоотой мэдээ