Европ тив тэр аяараа Оросын эрчим хүчнээс татгалзахаар зорьж, өөр хувилбар хайж байгаа гэхэд болно. Үүнтэй зэрэгцээд Норвегийн газрын тос, байгалийн хийн эрэлт эрс нэмэгджээ. Европын хоёр дахь том байгалийн хийн нийлүүлэгч Украины дайнаас ашиг олж байна гэсэн шүүмжлэл гарчээ.
Эрчим хүчний хямралын улмаас нефть, байгалийн хийн үнэ аль хэдийнэ өссөн байсан. Гэтэл дайны дараа улам их өсчээ. Тухайлбал, олон улсын жишиг брент маркийн нефтийн үнэ гурван сарын өмнө баррель нь 100 евро давсан бөгөөд түүнээс хойш бараг буурсангүй.
Гэтэл Норвегийн эрчим хүчний томоохон компани "Equinor" энэ жилийн эхний улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин их орлого олсон байна.
Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки Оросоос авдаг байсан байгалийн хийн зарим хэсгийг орлуулахаар Скандинавын орнуудыг зорьж буй. Тэрбээр "Норвегийн газрын тос, байгалийн хийн үлэмж их ашиг нь дайныг шууд бусаар олз болгож байна" гэжээ. Энэ гэнэтийн ашгаа хамгийн их хохирол амссан орнуудад, ялангуяа Украинд дэмжлэг үзүүлэхэд зарцуулахыг тэрбээр уриаллаа.
Европын газрын тос, байгалийн хийн компаниудад гэнэтийн ашгийн татвар ногдуулах болсон. Энэ нь дайны улмаас огцом өссөн эрчим хүчний хямралыг даван туулахад туслах зорилготой. Европын хамгийн баян орнуудын нэг Норвеги үндэсний орлогынхоо 1.09 хувийг хилийн чанад дахь хөгжилд зарцуулсан нь дэлхийн хамгийн өндөр хувь болжээ. Тодруулбал, Норвеги улс Украинд 200 сая еврогийн тусламж үзүүлсэн байна.
Эх сурвалж: EURONEWS