Махны үнэ сар тутамд нэмэгдэж, үхрийн мах 14-15 мянган төгрөгөөс огт буугаагүй. Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд "Хямд үнэтэй мах авах нь" гэж ихэд сэтгэл өндөр байсан. Зарим хүн мах үнэд орсон энэ үед нойтон мах, гэдэс, дотор авснаас илүүтэй нөөцийн мах хямд, амт сайтай байгааг хэлж байв. Тиймээс эхний сар гаруй хугацаанд эрэлт их худалдан авалт ч сайн байжээ. Харин одоо худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулсан ч авах иргэд багассан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байна.
Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7550 төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Худалдааны цэгүүдийн хувьд байршлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байгаа аж. Ихэнх аймгагт шүлхий болон малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгааг мэдээлж байв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ талаар тодруулахад, энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа учир мал аж ахуй эрхэлж буй хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байна. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон. 2022 онд нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн.
Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж, хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг. Тиймээс махны шим тэжээлийг алдагдуулахгүйгээр нөөц дуустал худалдана.
Аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна. Цаашид худалдааны цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс онцолсон юм. Үнийн хувьд дахин хямдруулах эсэх талаар асуухад одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Гэхдээ орон нутагт Улаанбаатараас 1000 хүртэлх төгрөгөөр нөөцийн мах хямд байгаа гэв. Ямартай ч зарим гэрээт компаниудад гомдол, санал ирсний дагуу нөөцийн махны савлалт, бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа гэсэн юм.
Холбоотой мэдээ