Өдгөө 20 жилийн ойгоо угтаж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдын олон улсын өдрийг угтан өнөөдөр /2022.05.29/ Төв талбайд цэргийн ёслолын ажиллагаа болж байна.
Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израиль Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Улмаар Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Монгол Улс Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм.
Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ сайтар биелүүлж, дэлхий нийтийн энх тайвны үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулан, энхийг дэмжих ажиллагаанд оролцох болсноор эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирснийг батлан хамгаалахын салбарынхан онцолж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн давхардсан тоогоор 20300 гаруй, түүний дотор 900 орчим эмэгтэй энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны офицерууд 20 жилийн өмнөөс НҮБ-ын цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Харин 2003 оноос цэргийн багийн бүрэлдэхүүнээр мөн штабын офицер, ахлагч, зөвлөх зэрэг албан тушаалд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, Бүгд найрамдах Судан улс, Этиоп-Эритриа, Гүрж, Сьерра Леон, Чад, Бүгд найрамдах өмнөд Судан улс, Афганистан, Судан улсын Дарфур муж, Йемен, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан улсад явагдсан энхийг дэмжих ажиллагаанд бүсийн командлагч, секторын штабын дарга, цэргийн баг, цэргийн ажиглагч, зөвлөх, холбогч, штабын офицер, ахлагчийн албан тушаалд болон цэргийн багт томилон үүрэг гүйцэтгүүлсэн байна.
Цаашид дэлхий дахины болон бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын үзэл хандлагад гарч байгаа өөрчлөлтүүдэд нийцүүлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг шинэ шатанд гарган хөгжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэх зэрэг томоохон зорилт буйг ёслолын ажиллагааны үеэр онцоллоо.
Холбоотой мэдээ