Тойм: Улаанбаатар-Гуанжоу, Хөх хотын нислэг ирэх сараас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.29-нд нийтлэгдсэн

Тойм: Улаанбаатар-Гуанжоу, Хөх хотын нислэг ирэх сараас эхэлнэ

Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


НҮБ-Д АЖИЛЛАСАН ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

Улсын их хурлын Монгол Ардын намын бүлгээс Даваа гаригт  /2022.05.23/ мэдээлэл хийсэн.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Хоёрдугаарт, төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д хэлэлцэх эсэхийг нь шийдэх гээд явж байгаа. МАН-ын бүлэг завсарлага авсан. Өргөн барьсан хуулийн хүрээнд нь гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай. Хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ, гэхдээ ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн төслийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн хоёр заалт дээр онцгой анхаарч ажиллаж байна. Шалгалт өгөөгүй иргэнийг гэрээгээр авч ажиллуулж болно гэсэн заалтыг шүүмжилж ирсэн.

Дараагийн нэг заалт бол НҮБ болон олон улсын байгууллагад ажиллаж байсан хүнийг гэрээгээр авч ажиллуулах тухай. Энэ хоёр заалтыг ерөнхийд нь гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Бүлэг дээр ярилцаад ажлын хэсэг гаргахаар тогтсон байгаа. Энэ хуулийг зарчмын хувьд дэмжинэ, гэхдээ нэг жилийн хугацаанд төрийн албанд орж самрах үйлдлийг гаргуулж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн. Одоогоор хуулийн төсөл өргөн бариагүй учраас эцэслэн  шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2008 онд орсон нэмэлт өөрчлөлт, журмын дагуу л явна.

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан 2015 оны хувьчлалын тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал.

Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох тухай. Үүнийг мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, цаашид тогтоолд тодорхой заалтуудыг оруулах хэрэгтэй гэж үзсэн. Өнөөдөр Төрийн албаны тухай хуультай холбоотой хоёр хуулийн төсөл УИХ дээр байгаа. Өргөн барьсан хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд тусгасан. Одоогийн мөрдөж байгаа Төрийн албан хаагчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар түшмэлүүдийн шаардлагыг бууруулсан заалт орж ирсэн. Энэ дээр өөр, өөр саналтай гишүүд бий. Гэхдээ хуулийн дагуу хэлэлцээд явна.


"НЭГ СУРАГЧ ГЭРТЭЭ НАС БАРЖ, НӨГӨӨ ХҮҮХДИЙН БИЕ САЙЖИРЧ БАЙНА"

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амны хаалттай биеийн тамир хичээлд орсноос болж биеийн байдал нь хүндэрсэн гэх асуудлаар тайлбар, мэдээлэл өгөв.

Нийслэлийн боловсролын газрын даргыг түр орлогч Л.Буянтогтох:

-Өнгөрсөн долоо хоногт хүүхэд биеийн тамирын хичээлд орж бэртэж гэмтсэн талаар мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотой мэдээллийг амралтын өдрүүдэд тодруулж, судалгаа хийсэн. Нэг сургуулийн зургадугаар ангийн хүүхэд биеийн тамирын хичээлд орохоос өмнө бие нь муудаж, хүндэрсэн нь үнэн. Гэхдээ масктай хичээлд орсноос болоогүй. Хичээлд орохын өмнө бие муудсан болохыг камерын бичлэгээр тогтоосон.

Тамирын хичээлд орсноос болж хүүхэд нас барсан тохиолдол гараагүй. Харин аравдугаар ангийн хүүхэд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж гэртээ нас барсан хэрэг гарсан.

БШУЯ, Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргаж аймаг, нийслэлийн бүх сургуулиудад хүргүүлсэн. Энэ захирамжийн дагуу тамирын хичээлд масктай орох шаардлагыг цуцалсан.


"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ-ЫН О.БАТНАСАНГ ЧӨЛӨӨЛЖ, П.ГАНХҮҮГ ТОМИЛОВ

Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Батнасанг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хурлын 11 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож байв.

О.Батнасангийн оронд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Ганхүүг томилжээ. Түүний хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллаж байв.


Д.МОНГОЛХҮҮД ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООВ

МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал Лхагва гариг /2022.05.25/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүний Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан тухай Д.Монголхүү хэлсэн юм. Тэрбээр "Шүүх шийдвэрээ гаргаж, намайг гэм буруутайд тооцон нэг жил БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглов. Үндэслэл нь бүртгэлгүй жагсаал цуглааныг зохион байгуулагч гэсэн" гэв.

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байсан юм.

Д.Монголхүү "Манай гэрт /2022.05.16/ гурван залуу нэвтэрч, биед минь халдсан хэрэг гарсан. Дараа нь Э.Одбаярыг намынхаа байранд байхад шөнийн 03:00 цагт /2022.05.25/ халдаж, чулуу шидсэн байна. Энэ бол маш ноцтой асуудал. Миний хувьд цагдаагийн байгууллагад хүсэлт өгч, Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс хэргийг мөрдөн шалгаж байна" гэв.


УЛААНБААТАР-ГУАНЖОУ, ХӨХ ХОТЫН НИСЛЭГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

Цар тахлын нөхцөл байдал урд хөршид бүртгэгдсэний улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсан. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж шийдэлд хүрчээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх юм.

Одоогоор энэ талаар эцсийн шийдвэр гараагүй бөгөөд албажааагүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Албан бус мэдээллээр Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст 26 сарын дараа буюу ирэх зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болжээ. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой аж.\


Ё.БААТАРБИЛЭГ, Н.АЛТАНХУЯГ НАРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВИХ УУ?

УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тавих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гадаадад байгаа тул түүнийг ирэхээр шүүх хурал товлогдох бол Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын шүүх хурал ирэх Даваа гаригийн 11.00 цагт товлогджээ.

Н.Алтанхуяг нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Яллагдагчаар татагдсан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

"АВТОМАШИНГҮЙ ӨДӨР" БОЛОВ

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлттэй холбоотойгоор Бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгов. Энэ өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн дүүргүүдэд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулсан юм.

Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцжээ.

Марафоныг нээж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжсэн, гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж