Монгол Улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн “Оюу Толгой” ХХК өнөөдөр (2022.05.28) “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн үеэр “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аян эхлүүллээ. Энэхүү аяны талаар тус компанийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр, Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер Э.Лхагва нартай ярилцлаа.
-“Оюутолгой” ХХК “Гүнээсээ хайрлая” аянаар дамжуулан иргэд, олон нийтэд ямар мэдээ, мэдээлэл хүргэхийг зорьж байна вэ?
“Оюу Толгой” компани “Гүнээсээ хайрлая” олон нийтийн мэдээлэл түгээх аяныг өнөөдөр эхлүүллээ. Манай компанийн хувьд усыг ариг гамтай хэрэглэх, усны эргүүлэн ашиглалтыг сайжруулах тал дээр бодлого барин ажилласаар ирсэн. Олон нийтийн дунд гүний усны талаар мэдээлэл дутмаг байдаг. Үүнтэй холбоотойгоор салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй хамтран иргэдэд үнэн, зөв мэдээлэл хүргэж, мэдлэгжүүлэхийг зорьж байна.
-Танай компани хэрэглэсэн усаа эргүүлэн ашигладаг уу? Усны эргүүлэн ашиглалт хэдэн хувьтай байна вэ?
-Манай компани хэрэглэсэн бүх усаа эргүүлэн ашигладаг. Гадагшаа ус огт хаядаггүй. Усыг ариг гамтай ашиглахын тулд ууршилтаас хамгаалах бүрхүүл зэрэг үйл ажиллагааг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ оны нэгдүгээр хагаст усны эргүүлэн ашиглалт 88 хувьтай байна. Нэг тонн хүдэр боловсруулахад ашигласан усны хэмжээ дэлхийн ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудтай харьцуулахад гурав дахин бага үзүүлэлттэй гарсан.
-Гидрогеологийн шинжлэх ухааны салбарт суралцах хүсэлтэй залууст зориулан тэтгэлэгт хөтөлбөр зарласан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
"Оюу Толгой" компани гидрогеологийн шинжлэх ухаан, гүний усны талаар салбарын эрдэмтэн судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл манай вэб сайтаар нэвтрэн, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
-Аяны хүрээнд өнөөдөр ямар ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
-Олон нийтэд мэдээлэл түгээхээс гадна бохир ус цэвэршүүлэх, усны чанар, үйлдвэрлэлд ашигладаг ус, малчдын гар худгийн ус, Улаанбаатар хотын ус зэрэг усны чанарын талаар танилцуулж, хүүхдүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом, усаа “Гүнээсээ хайрлая” уриатай гэрэл зураг авахуулах ажлууд хийгээд байна.
-“Оюу Толгой” компани үйлдвэрлэлдээ ямар ус ашигладаг вэ? Энэ нь малчдын гар худгийн устай холбоотой юу?
-Манай компани газрын доорх гүний хоолойн ордоос усаа авч ашигладаг. Энэ нь компаниас 40-80 километрийн зайд байрладаг. Эндээс гарч байгаа ус газрын гүний 250-400 метрийн доорх ус юм. Үүний яг дээд хэсэгт ус үл нэвчүүлэх шавран давхрагатай. Энэ давхрgгын дээр малчдын гар худгийн ус байдаг гэж ойлгож болно. Малчдын гар худаг 10-50 метрийн гүнээс ундардаг ба хур тунадасаас шууд хамааралтай. Харин “Оюу Толгой” компанийн авч хэрэглэж байгаа ус нь гадаргын устай холбоогүй. Усны чанарын хувьд гүний хоолойн ордоос авч буй ус маш өндөр давсжилт, эрдэсжилттэй. Гадаргын ус нь манай хэрэглэж буй усыг бодвол хамаагүй цэнгэг.
“Оюу Толгой” ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын ерөнхий менежер Э.Лхагва
-Танай компанийн хувьд “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтэд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Covid-19 цар тахлын жилүүдэд манай компани өөрсдийн 14000 ажилтанд зориулсан ажил бага хийсэн. Өмнөх жилүүдэд “Улаанбаатар марафон”-д оролцож байсан жишгээрээ энэ жил ч идэвхийлэн оролцлоо. Манай компанийн 200 гаруй ажилтан оролцож, уралдлаа. Мөн “Гүнээсээ хайрлая” аянаа эхлүүлж, олон нийтэд үйлдвэрлэлийн болон говийн гүний усны талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх ажил хийж байгаадаа баяртай байна.
"Оюу Толгой" компаниас иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудыг газрын доорх усаа арвилан хэмнэж, усаа хариуцлагатай, хяналттай ашиглаж, ирээдүйд газрын доорх усны тогтвортой хэрэглээ бий болгох хэрэгтэй гэж үздэг ажээ. Тус компанийн хувьд олон улсын ижил төстэй зэсийн уурхайнуудтай харьцуулахад үйлдвэрлэлд ашигласан усаа хамгийн өндөр хувьтай ашигладгаараа онцлог. “Оюу Толгой” компани ус ашиглалтын төлбөрт 131 тэрбум төгрөг төлжээ.