УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Хөдөө орон нутагт жолооны үнэмлэхийн асуудал их байна. Жолооны үнэмлэх авахын тулд жолооны курсэд заавал суух хэрэгтэй болчихоод байна. Гэтэл жолооны сургалтад суух шаардлагагүй машин, мотоциклийг мэргэжлийн жолоочоос дутахааргүй бариад давхиад байдаг эмэгтэйчүүд их л байна. Эдгээр хүмүүсийг яагаад заавал жолооны курсэд суух ёстой гээд хуульд заачихсан юм бэ" гэж асуув.
Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заавал жолооны курсэд суухыг заасан. Холбогдох байгууллагын сургалтад сууж, практик болон онолын мэдлэг үзсэний үндсэн дээр жолоодох эрхийн үнэмлэх авах хууль, эрх зүйн орчинтой" гэж хариулав.
Ц.Цэрэнпунцаг гишүүн "Төрөөс хууль гаргахдаа шалгалтаа өг л гээд шаардчихна биз дээ. Яагаад заавал жолооны сургуульд суухыг шаардаж байгаа юм бэ. Дунд сургууль төгссөн, бичиг үсэгтэй хүмүүс практик дээр машин тэргээ бариад л явж байна" гэсэн юм.
Тэрбээр ямартаа ч холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, хариулт авсан ч “Яагаад?” гэсэн асуулттайгаа хоцров.
Холбоотой мэдээ