Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллалаа. Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил эхэлж байгааг дурджээ.
Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Ханбогд сум одоо 2000 гаруй өрхийн 8660 суурин хүн амтай. Галбын говийн 33 мянган улаан тэмээтэй. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм. Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцоолол гарчээ.
Иймд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөсөн байна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг богино хугацаанд 2025 он хүртэл 250.1 га, дунд хугацааг 2030 он хүртэл 505.4 га, хэтийн төлөвлөлтийг 2040 он хүртэл 794.8 га талбайд хэрэгжүүлэх аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ханбогд суманд “Оюу Толгой” төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр нутгийн иргэд төдийгүй "Оюутолгой" болон "Тавантолгой" төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм.
Дэлхий даяар сорилттой тулгарсан энэ цаг үед "Эрдэнэт", "Оюутолгой", "Тавантолгой" зэрэг уул уурхайн томоохон ордуудаа түшиглэсэн аж ахуйн нэгжүүд, тэр дундаа уурхайчин та бүхэн эх орондоо түүхэн хувь нэмэр оруулсаар байгаад Монгол Улсын нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Ханбогд сумыг үе шаттайгаар хөгжүүлэхэд эхний ээлжид “Оюутолгой” компаниас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж, “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, "Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.