УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Уул уурхайн ордоос тухайн импортлогч орны царигтай тохирох царигаар төмөр зам тавих тогтоолын төсөл өргөн барих гэж буй талаараа мэдээлэл хийлээ. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 4.1.2, Төмөр замын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1,9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэ хугацаанд цар тахал гарлаа. Хэрвээ төмөр замтай байсан бол наанаас нь 60 вагоныг түлхээд хүргэчихдэг, цаанаас нь аль нэг орон татчихдаг, ямарваа нэгэн хүний холбоогүйгээр тээвэрлэлт хийх боломж өнгөрсөн хугацаанд алдагдсан байна. Тиймээс царигийн асуудлыг шийдвэрлэснээр бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сайжирч, валютын орлого нэмэгдэж, төсвийн орлого сайжирснаар иргэдийн амьдрал сайжирч, эдийн засаг эрчимжих боломжийг бий болгоно. Тиймээс Засгийн газраас санал авч уг тогтоолын төслийг өргөн барихаар ажиллаж байна.
2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого бичиг баримтыг гаргасан. Өргөн төмөр замтай холбогдсон болон салаалсан тохиолдолд өргөн төмөр замтай байна. Харин уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар өргөн барьснаар УИХ тогтооно гэсэн заалттай. Өмнөх хугацаанд энэ асуудлыг Засгийн газар оруулж ирсэнгүй. УИХ болон хууль тогтоомжийн тухай хуулиар миний тогтоол барих эрх хаагдах ёсгүй.
Тиймээс уул уурхайн ордоос тухайн импортлогч орны төмөр замын цариг ямар байна тэр царигаар холбох тогтоолын төслийг өргөн барих гэж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг хүний оролцоо багатайгаар хямд зардлаар экспортлох боломжийг бүрдүүлж байгаа юм.
Царигийн асуудлыг шийдвэрлэснээр төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспорт сайжирч, эдийн засаг эрчимжих боломжийг гаргаж ирж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын огтлолцлын асуудал Засгийн газрын өөрийн хэмжээнд шийдэх зүйл болж байгаа.
Цагаан хадаас Ганцмод хүртэл 200 км газар нэг тонн нүүрсийг 200-250 ам.доллароор тээвэр хийж байна. Төмөр замаар бол 10-20 ам.доллароор тээвэр хийх боломжтой. Энэ мөнгө БНХАУ-ын эзэнтэй компаниудад очиж байгаа. Тус хөрөнгө Монголын ард түмэнд орлого болж очих ёстой” гэлээ.
Холбоотой мэдээ