УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дэх “доромжлох” заалтын талаар тодрууллаа.
-Гүтгэх, доромжлох заалт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд орж ирлээ. Саяхан Х.Нямбаатар сайд таныг гүтгэх заалтыг оруулж ирсэн хэмээн онцолж байсан. Энэ талаарх таны байр суурь?
-2015 онд баталсан Эрүүгийн хуульд доромжлох заалтыг нэгтгэсэн байсан. Ингээд 2019 онд Гүтгэх заалтыг Худал мэдээлэл тараах болгон өөрчилсөн. Худал мэдээлэл тараах гэдэг заалтан дээр өөрчлөлт оруулах саналыг миний бие, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гишүүд 2021 оны гуравдугаар сард УИХ-д өргөн барьсан. Энэ төслийг хэлэлцээгүй жил гурван сар болж байна.
Хоёр заалттай өөрчлөлт юм. Нэгдүгээрт, төрийн байгууллага гүтгэсэн гэдгээр гомдол гаргахгүй. Төр өөрөө гомдог болчихсон байна. Цагдаа, онцгой, прокурор гэх мэт байгууллагууд худлаа мэдээлэл тараалаа хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ хэмээн прокурор, АТГ байгууллага мэдэгдэл гаргаж байсан. Тэгэхээр төрийн байгууллага гомдол гаргадаг этгээд биш.
Хоёрдугаарт, улстөрд нөлөө бүхий этгээдүүд буюу улс төрийн өндөр албан тушаалтнууд албаны бүрэн эрхтэй холбогдуулж, хардсан иргэдийн болон хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг гүтгэсэн гэдгээр хууль шүүхийн байгууллагад гомдол гаргахгүй гэдэг хоёр өгүүлбэртэй өөрчлөлт байхгүй юу.
Иргэдийн мэдэх, хардах, хянах эрхийг цагдаагийн байгууллагаар болон эрүүгийн шүүхээр айлгадаг, эх сурвалжаа хэлэхүүлэхийн тулд дарамталдгийг болиулах гэж байгаа юм. Харамсалтай нь хэлэлцээгүй жил гаруй болж байгааг онцлоё.
-Доромжлох заалтыг дэмжихгүй гэсэн үг үү?
-Улстөрчид улс төрд оръё гэдэг сонголтыг хүчээр хийгээгүй. Хэн ч тэднийг хүчээр “чи сонгуульд дэвш, дарга цэрэг бол” гэж оруулаагүй. Өөрөө сонгосны хувьд улстөрд нөлөө бүхий этгээдүүд бусад хүмүүстэй адилхан гомдох эрхтэй гэдгийг хязгаарладаг жишиг байдаг. Яагаад гэвэл тэр хүн нийтийн албан тушаалтан. Нийтийн албан тушаалтан учраас тэр хүн хувь хүн биш. Тэр хүний ард нийтийн эрх ашиг яригддаг. Янз бүрийн байдлаар биеэ үлгэрлэхгүй авч явбал тухайн хүний нэр биш төрийн нэр яригдана.
Одоо байгаа парламентад УИХ-ын гурван гишүүн нэг сайд гурван иргэнийг таван тохиолдлоор эрүүгийн шүүхээр ял шийтгүүлсэн байна. Энэ бүхэн манай улсын хэвлэлийн эрх чөлөөний хувьд хар жагсаалтад оруулах нь ээ.
Гомдож, туньдаг хэдхэн хүнээс болоод Монгол Улсын ардчилсан гэдэг нэр хүнд, дархлааг алдагдаж болохгүй. Доромжлохтой холбоотой асуудлыг эрүүгийн хуулиар хуульчлахыг дэмжихгүй.