Наян их наяд төгрөг нь Монгол Улсын төсвийг /2022 онд анх удаа 18 их наядын төсөв баталсан/ бараг тав дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгө. Шулуухан хэлэхэд тав, зургаан жил улсаараа идэх байсан төсөв. Атал Монголд орж ирэх энэ мөнгийг монголчууд өөрсдөө гацаасан нь харамсалтай. Үндсэндээ, Монголыг хорлоход “ганц дайчин” ганцаардсангүй гэхэд болно.
Гашуунсухайтын төмөр зам 2013 онд ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байсан гэхээр. Бас алдагдсан боломжийг өртөг нь Монгол Улсын нийт гадаадын өртэй дүйцэхүйц байгааг бодохоор.
Улсаараа урдаас цэрэг танк ор ирнэ гэж айлгах төлөвлөгөөнд хэт автаж, фантазласны үйлийн үр юм даг уу даа. Амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхээд гаргана гэж энэ шүү дээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн энэ бол туйлын харамсалтай, гашуун сургамж мөн. Тэрбээр өмнийн говьд томилолтоор ажиллахдаа Гашуунсухайтын боомтод экспортын ачаа шилжүүлэн ачих байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Гашуунсухайтын боомт нь экспортын гол зам гэж хэлэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй байх. Зэс, нүүрсний экспортын 50 хувь нь Гашуунсухайтын боомтоор гардаг. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг боож, бойкотлохыг оросууд даалгасан нь бараг үнэний ч ортой байж мэднэ. Орос, Хятад хоёр 100 сая тонн нүүрс өгөх, авах гэрээ байгуулчихсан. Гэтэл Монгол Улс 14 жилийн дараа Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэн шийдвэрлэж байна шүү дээ.
Зургаан сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо зарласан. Үүний хүрээнд хамгийн түрүүнд орж, гарах боомт, гарцаа нэмэгдүүлэх, өргөжүүлэхэд анхаарч байгаа юм. Үүний нэг нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөрзам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км зам энэ намар багтаж бүрэн ашиглалтад орно гэсэн сайн мэдээ.
Мэдээж, “алга болсон” 80 их наядыг хэн ч “төлөхгүй” нь ойлгомжтой, гэхдээ давтаж болохгүй алдаа нь бүр үнэн. Хэрэвзээ, Гашуунсухайтын бүтээн байгуулалтыг хэн нэгэн сайр эр гацаагаагүй байсан бол Монгол Улс гадаад өргүй байх байсан гэж Ерөнхий сайд хэлжээ. Үнэндээ, өнөөдөр Монгол дөнгөж төрсөн нярай 33 сая төгрөгийн “өр”-нд орж байна.
Өрөндөө баригдаж, өтөнд идэгдэхгүй байх боломжтой байсан, хэсэг нөхөд төмөр замтай нь, вагонтой нь, нүүрстэй нь хулгайлчихаагүй бол. УИХ-ын дарга асан З.Энхболдын Тавантолгойг та бидэнд үлдээсэн нь бүр худлаа. Өөрийнхөө бизнесийг, нүүрсний тээвэрлэлтээс олдог ашгаа алдахгүй гэсэн арга заль нь байсныг монголчууд бүсээ чангалахдаа ойлгож байх шиг. З.Энхболдын хэлж, ярьж байсан “автомашинаар нүүрсээ зөөвөл олон ажлын байр бий болно” гэх ч юм уу, аль эсвэл “Владивостокоор нүүрсээ гуравдагч орнуудад гаргана” гэж үг цагаан дээр хараар бичээстэй байгаа. Худлаа гэвэл гүүглдээд харчихад л болно.
Үнэндээ тэдний хувийн эрх ашгаас улсын эрх ашгийг нэгд тавьснаас болж М.Энхсайхан шоронд суусан байдаг. Тэгж ярих юм бол “Монголоо Х.Баттулгаар тоглуулахгүй” гэснийхээ төлөө.
З.Энхболдын тэр мэт гайг өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ нуруун дээрээ үүрч яваа нь худлаа биш. З.Энхболд байсхийгээд л Улаанбаатарын утааны хэмжээг шейрлээд суудаг. Атал алдагдсан 80 их наяд төгрөгөөр Улаанбаатарын гэр хорооллыг барилгажуулж, утаанаас салгах боломжтой байлаа. Популзмын хор хохирол хэдэн арван жилээр үргэлжилдгийн хамгийн том жишээ. Өнөөдөр ч Ж.Батзандан, Х.Баттулга зэрэг адгийн популистуудыг ардын баатар мэт өргөмжлөөд явж байгаа нь, бидний хохь юм даа.
Аль есөн жилийн өмнө төмөр замаа тавьсан бол өдгөө дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс атгах биш хутгаад авах боломж байсан. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар давсан. Гэтэл Монгол Улс Хятадаас ердөө 267 км-ын зайтай атлаа ашиглаж чадахгүй байна.
Харин энэ сарын 25-наас нүүрсний уртын тээврийг эхлүүлж, ирэх Мягмар гаригаас задгай тээвэр явуулахаар болсон нь эдийн засгийн хувьд эерэг мэдээ. Боомтын гацаа арилснаар экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Гашуунсухайтын боомтоор өнгөрсөн нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрс ачсан 120 машин нэвтэрдэг байсан бол энэ сараас 398 болж нэмэгдсэн, явандаа 800 машин болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Цаашдаа төмөр замгүй бол улсаараа “амьдрахад” хэцүү болохыг цар тахал монголчуудад мэдрүүллээ. Муу зүйлд бас сайн тал бий гэж үгтэй.
Ямар ч байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, шилжүүлэн ачих терминалын барилгыг наадмаас өмнө ашиглалтад оруулахаар Засгийн газар төлөвлөж байгаа бололтой. Тэгж чадах юм бол Л.Оюун-Эрдэнийн зураг хананд биш нэр нь түүхэнд үлдэх байх шүү.
Холбоотой мэдээ