Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаад буй билээ. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн ч танхимынхан нь аваад үлдсэнийг уншигчид санаж байгаа.
Гэвч УИХ-ын гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад буй бололтой. Тиймээс хилээр гарахыг нь хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн “Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах прокурорын саналыг тус шүүх өнөөдөр шийдвэрлэхээр болсон гэнэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Хөгжлийн банкнаас “Хөтөл”, “Кью Си Эс” компанид зээл олгосон асуудалд яллагдагчаар татсан. Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжээс хахууль авч, түүнийгээ орон сууц болгон мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцоод буй билээ. Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдлээ урвуулж, бусдад буюу Х.Ганхуягийн хамаарал бүхий хүний эзэмшлийн “Вертекс майнинг партнерс” ХХК-д Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.
Р.ГАНСҮХ
Холбоотой мэдээ