Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилладаггүй, гуравдугаар үйлдвэрт гал гарсан дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.27/ 07:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу гал түймэр унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.
"Алба хаагчид очиход үйл ажиллагаа явуулаагүй барилгын өргөтгөл хийж байгаа барилгын дээврийн хэсэг шатаж байсан. Одоо галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна" гэв.
Он гарснаас хойш тус компанийн үйлдвэрт нийт гурван удаа гал гарсан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард “Тавантолгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарсан юм. Тус хатаалгын цехэд сайжруулсан түлш шатаж, иргэд унтраасан боловч нүүрсний хог уугиж байсныг онцгой байдлын алба хаагчид унтраасан.
"Тавантолгой түлш" компаниас энэ талаар тодруулахад "Галын улмаас хохирол учраагүй, шалтгаан нөхцөлийг тодруулж байна" гэж мэдээлж байв. Үүнээс өмнө 2022 оны нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт гурван барилгад гал гарсан.
Үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галаас авран хамгаалсан. Гал түймрийг таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажиллаж, унтраасан юм.
Холбоотой мэдээ