"Бизнес эрхэлж буй хүмүүст төрөөс өгч байгаа том бэлэг болно"

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Live"Бизнес эрхэлж буй хүмүүст төрөөс өгч байгаа том бэлэг болно"

12 : 56
2022-5-27

Шимийн архи нэрэхдээ тусгай зөвшөөрөл авах уу?

УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:

-Зөвшөөрөл олгохгүй, сунгахгүй байх дөрвөн заалт, үндэслэлүүд байгаа юм байна. Ийм ерөнхий заалтаар оруулж ирж болж байгаа юм уу? Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу? Зуух, даралтад савууд тусгай зөвшөөрөлтэй болохоор харагдаад байна. Ингэвэл авлига, хээл хахууль дагах болно. Үүнийг сайн талбарлаж өгөөч ээ. Сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийсэн тухайлбал, шимийн архи хийсэн айл өрх тусгай зөвшөөрөл авах юм уу? Малчид л шимийн архи нэрж байгаа шүү дээ. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГ:  

-Тусгай зөвшөөрөлтэй, суурилуулдаг, үйлчилгээ явуулдаг байгууллагууд л зөвшөөрөл авна. Та нөхдийн хэлж буй саналуудыг тусгаж ажиллая. Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд массын үйлдвэрлэл дээр л яригдаж байна.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Зөвшөөрлийн хуулиар гурван зүйлийг хатуу манана гэсэн зорилготой орсон. Бизнес шинээр эрхэлж буй, үйл ажиллагааны зөвшөөрлөө сунгуулж буй хүмүүст төр засгаас өгч буй том бэлэг байх болно. 

УИХ-ын Баасан гаригийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаан асуулгын хариултаар үргэлжилнэ. 

11 : 49
2022-5-27

Монголд цөмийн хог хаягдал булшлах юм уу?

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН: 

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хязгаарлаж болдоггүй юм уу? Өгсөөр байгаад дууслаа шүү дээ. Цацрагийн үүсгүүрийг угсарна, байрлуулна, задлана, хадаглана гэж зааж болох юм уу? Цөмийн бодис тээвэрлэнэ, булшлана гэж. Ингэж болох юм уу? Цөмийн хог хаягдал булшлах юм уу? Энэ бүхнийг та нар зөвшөөрч байгаа юм уу? Хуулиараа эрхээ авчихаад, байгаль орчин, амьдрах орноо сүйтгээд байж болох юм уу, Монгол Улс цөмийн хаягдал булшлах юм уу? Яагаад ийм юмнууд та нар оруулж ирж байгаа юм бэ? Соёлын өв хадгалсан, ээж аавынхаа өтөг бууц дээр очих аргагүй боллоо шүү дээ. Бүгдийг нь патентжуулаад дууслаа. Гадныхан бүх газрыг аваад дуусах нь. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГ: 

-Цацрагийн үүсгүүрийн асуудал өдөр тутам л байна. Рентгенээс эхлээд энэ харилцаа Цөмийн энергийн хуулиараа явж байна. Зөвшөөрлийн хуулиар эрх ашгийн эрэмбүүдийг тэнцвэржүүлье л гэж үзэж байгаа юм. Таны ярьж байгаа зүйлс Ашигт малтмалын хуулиар илүү тодорхой болох байх. Засгийн газраас энэ хуулийн төслийг удахгүй өргөн барихаар ажиллаж байна гэдгийг дуулгая. 

Энэ үеэр Цөмийн энергийн газрын төлөөлөл гаднын цөмийн хог хаягдлыг оруулж ирж булшилна гэж тусгаагүйг онцоллоо. 

Зөвшөөрлийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга) нэгтгэсэн төсөлд “цөмийн бодис эзэмших, цөмийн бодис ашиглах, цөмийн бодис импортлох, цөмийн бодис тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, тээвэрлэх, экспортлох, ашигласны дараа газар нөхөн сэргээх,  импортлох, хаягдлыг булшлах, цацрагийн үүсгүүрийг эзэмших,  ашиглах,  худалдах, байрлуулах,  угсрах,  үйлдвэрлэх,  хадгалах, түрээслэх,  задлах, ашиглалтаас гаргах,  тээвэрлэх,  импортлох, экспортлох гэж тусгасныг Б.Энх-Амгалан гишүүн шүүмжиллээ. 

Ажлын хэсгийнхэн "Бүх зүйл хуулиараа зохицуулагдаад явж байна" гэсэн хариулт өглөө. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Эрхийн бүртгэлтэй холбоотой асуудал тусдаа, Цөмийн энерги, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тусдаа. Энэ бүхнийг тодотгож ярихгүй бол нийгэмд буруу ойлголт өгчих вий.

Эрхийн бүртгэл гэдгийг тусгай зөвшөөрлөөс ялгаж ойлгохгүй бол болохгүй. Эцэслэн боловсруулах чиглэлээр эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцээд явахаар хойшлуулъя. 

УИХ-ын гишүүн Ц.ЦЭРЭНПУНЦАГ:

-Иргэд хуулиа ойлгохгүй байна. Иргэдэд хуулийг сайн ойлгуулах хэрэгтэй. Хууль иргэдэд ойлгомжтой байх ёстой зарчим хэрэгжихгүй байна. Иргэн мэдэхгүйгээс Зөрчлийн хуулиар торгуулж байна. 

Жолооны үнэмлэх авахын тулд курст суух хэрэгтэй болчихоод байна. Заавал курст суухгүйгээс машин сайн барьдаг эмэгтэйчүүд олон байна. Яагаад заавал жолооны курст сулгах гээд байна вэ? 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГ: 

-Бид бүх салбарын хуулиудын үндсэн концепцийг эвдээд байж болохгүй байсан. Салбарын хуулиараа хэн эрхлэх вэ гэдгийг нь заачихсан болохоор өөрчлөх боломжгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулиараа иргэн заавал сургалтад хамрагдаж, онол практикийн мэдлэг авсны үндсэн дээр жолооны үнэмлэх авдаг хууль эрх зүйн орчин нь бий юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дээрээ таны хэлсэн санаануудыг тусгаж ажиллана. 

УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ

-Энэ хуулин дээр Ажлын хэсэг нэлээн сайн анхаарж ажилласан байх. Энэ хуулийн дотор бүртгэлийн байж болмоор, зарим тохиолдолд байршил, газар нутгийн тухай асуудал орж ирсэн байна. Үндсэн хуулийн үзэл баримтлал зарим талаар зөрчигдөж, хэрэгжихгүй байх шиг санагдах юм. Чөлөөт бүсийн газрын ашиглалтын гэрчилгээг чөлөөт бүсийн захиргаа өгөх юм гэнэ болох юм уу энэ чинь. Эмийн ургамлын зөвшөөрлийг бас тэндээс нь өгөх юм гэнэ. Энэ байж болох юм уу? Талбай байршлын асуудал руу орсон асуудлуудыг хэрхэн зохицуулах вэ? Эмийн, эрүүл мэндийн шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрүүл мэндийн байгууллагууд өгөх нь зөв байх. Юугаар зохицуулагдаж явах ёстой вэ? Орон сууцны дунд эрүүл мэндийн шинжилгээний байгууллагууд очиж суучих гээд асуудал үүсгээд байгаа юм байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр их л нарийн зохицуулах шаардлагатай юм байна гэж бодож байна. Хүнсний аюулгүй байдал нэлээн эрчимтэй яригдаж байна. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.ГАНХУЯГ: 

-Энэ хууль процессын хууль байхгүй юу. Зөвшөөрөл нэмэгдээгүй, бүртгэлийн чанартай зөвшөөрлүүд цаашид хасагдах боломжтой. Чөлөөт бүсийн хуульдаа чөлөөт бүсийн захирал ийм зөвшөөрөл олгоно гээд заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуульд ч зөвшөөрлийн асуудал олгох асуудлыг заасан. Эрх бүхий байгууллагын олон зөвшөөрлийн ард дандаа гарын үсэг, авлига байдаг. Энэ бүхнийг ингэж зохицуулахаас өөр аргагүй. 

10 : 57
2022-5-27

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцэж эхэллээ

 Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр, Засгийн газар 2019.04.30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уншиж танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гишүүн Ё.Баатарбилэг гишүүний асуултад хариулахдаа "Нийт 914 зөвшөөрлийг 448 болгохоор оруулж ирснийг ажлын хэсэг 377 болгон бууруулж байгааг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Мансууруулах ургамлаар эм хийхийг зөвшөөрч байна гэж ойлголоо. Урд нь би энэ талаар нэлээн олон удаа ярьсан. Монголын эмийн компаниуд өндөр үнэтэй, чанар муутай эмээ худалдан борлуулахын тулд зориуд өөрийн өрсөлдөгчийн эмийг мансууруулах бодисын төрөлд оруулдаг, ийм сүлжээ байгаа юм билээ. Энэ дээр ямар хяналт байна вэ? 

-Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхийг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага олгохоор байна. Хууль зүй, дотоод хэргийн яам олгодог баймаар байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.ГАНХУЯГ: 

-Эрүүлм эндийн салбарын төлөөлөл байвал тодрхой хариулт өгчихмөөр байна. Хууль зүй, дотоод хэргийн яам хувийн хамгаалалтын зөвшөөрөл олгомооргүй байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Дахин энэ талаар ярилцах боломж бий. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.САЙНЗОРИГ: 

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой асуудал ерөнхий зүйлээр явдаг. Тухайлсан эмийг нийтийн хэрэглээнд оруулахад эмийн бүртгэлтэй холбоотой маш их асуудал бий. Маш их хэмжээний шүүмжлэл гардаг. Засгийн газраас өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд энэ талаар нарийвчлан тусгаж, анхаарч ажиллая.  

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.ГАНХУЯГ: 

-Сүхбаатарын талбай дээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж зайлшгүй зөвшөөрөл авах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: 

-Миний мэдэхийн 2012 оноос хойш л Зөвшөөрлийн тухай хуулийг ярилаа. Яагаад батлагдахгүй өнөөдөр хүрснийг нэг сонсчихъё. 1000 гаруй зөвшөөрөл байсныг 400 орчим болгож байгаа юм байна. Нэмж зөвшөөрөл өгөхгүй байж чадах уу? 200 гаруй мянган төрийн албан хаагч байна. Нэг нам олонх болсноос хойш төрийн албан хаагчдын тоо маш их өссөн. Төрийн албан хаагчдын цалин маш бага. Хажуугаар нь зөвшөөрөл өгч байж санхүүждэг юм болов уу гэж бодож байна. Зөвшөөрөл өгч байгаа хүн дараа нь хариуцлагаа хүлээх үү? Улаанбаатарын шинэ замыг ашиглалтад ороогүй байхад нээчихлээ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Дарханы замын 200-хан км-ыг ашиглалтад орох гээд бараг 10-аад жил боллоо гэж дэлхийгээр нэг ярьж байна.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.ГАНХУЯГ: 

-Ажлыг хэсэг 2021 оны тавдугаар сарын 21-нд байгуулагдсан. Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд зөвшөөрлийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хуулийг авч үзсэн. Нарийвчилсан нь 40 гаруй хууль бий. Зөвшөөрлийн жагсаалт, хариуцах нэр бүхий албан тушаалтан нь тодорхой болно. Зөвшөөрөл авах процессын харилцааг зохицуулна. Зарим нь салбарын хуулийн дагуу нарийн зохицуулалт шаардагдана. Засгийн газарт энэ хуультай холбоотой нарийвчлан зохицуулалт хийх шаардлагатайг тавина. 

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР: 

-Ерөнхий сайдын дэргэд Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллана. Хуулиар хориглоогүй бол үйл ажиллагаа явуулж болно гэсэн зарчим үйлчилнэ. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-Авлига, хээл хахууль бизнесийнхэнд маш их саад учруулж байна. Бид тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх ёстой. Ялангуяа шаардлагагүй зөвшөөрлийн тоог бууруулмаар байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнээр архидан согтууруулах ундаа шимийн архи үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах асуудал байж болохгүй гэж бодож байна. Энэ бол мал аж ахуйн үйлдвэрлэгч нар, аж ахуй эрхлэгч нартай холбоотой асуудал. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.ГАНХУЯГ: 

-Зөвшөөрлийн хууль батлагдсанаар өргөс авчих мэт хандаж болохгүй. Өрхийн хэрэглээний асуудал дээр тийм юм байхгүй. Сунгалттай холбоотой асуудлыг нэлээн нарийн, зөвшөөрөл хүсэгчдэд ээлтэй байдлаар оруулсан. 

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН: 

-Би их тодорхой зүйл асуугаад байна. Шимийн архи үйлдвэрлэхэд заавал тусгай зөвшөөрөл шаардагдах гээд байгаа юм. Бичил худалдаа эрхлэгч, бичил үйлдвэрлэгчид, хувь хүний орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь тусгай зөвшөөрөл авахгүйгээр зохицуулах боломж бололцоо нээгдэх ёстой.  

10 : 35
2022-5-27

Нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.05.27/-ийн нэгдсэн хуралдаан  10:00 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан үг хэллээ. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд УИХ ажиллах ёстой талаар байр, сууриа илэрхийлэв.

Чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

УИХ дахь МАН-ын бүлэг уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болсон. Тус бүлэг энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналд нэгджээ.

Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох зохицуулалт тусгасан байна.

Түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулсан бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох журмыг Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна.

Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигх тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 31 нь дэмжиж, 66 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төслийг хууль санаачлагчид буцаалаа. 

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалаа. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн  нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл-ийг эцэслэн батлахыг 39 гишүүн дэмжиж, хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. 

Хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг 40 гишүүн дэмжиж, эцэслэн батлагдлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэн баталсан хуулийн төсөл, тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэллээ. 

09 : 14
2022-5-27

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 5 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн ээлжит чуулган /2022.05.27/ -аар хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж