Бөхчүүдийн хөдөлмөрийг АДИЛХАН ҮНЭЛЬЕ!

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн хөдөлмөрийг АДИЛХАН ҮНЭЛЬЕ!

Бөхчүүдийн хөдөлмөрийг АДИЛХАН ҮНЭЛЬЕ!

Тамирчин хүний амжилтыг ид ирэн дээр нь үнэлж, хүртэх ёстой цол, шагналыг нь хүртээх нь зүйтэй. Харамсалтай нь, манай улсад үзэмжээр, нутаг усаар нь ялган салгаж тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх тохиолдол цөөнгүй. Харин наадам дөхөж буй энэ үед одоо хэлэлцэгдэж байгаа Үндэсний их баяр наадмын тухай хууль түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдвал бөхчүүд цолоо нөхөн хүртэж, хөдөлмөрөө үнэлүүлэх аж.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ярихдаа “Бөхийн холбооноос бид нар мэдээлэл авсан. Ардын хувьсгал тэмдэглэж эхэлснээс хойшхи баяр наадмуудад цол нөхөн хүртэх асуудал 61 бөх дээр яригдаж байна. Зарим нь мөнх бусыг үзэж, зарим нь амьд сэрүүн байна. Одоо цолыг нь олгоё гэхээр 2003 оны хуулиар өмнөх амжилтаар нь цол нөхөн олгохгүй гээд заачихсан байдаг. Тиймээс бүх асуудлуудыг шийдээд цэвэр гараанаас эхлье гэдгийг бөхийн холбоотой ярилцаж байна” гэв.

Одоо өргөн мэдүүлээд буй хуулийн 9 дүгээр зүйл. Үндэсний бөхийн барилдаан

  • 9.3.1.тав давсан бөхөд улсын начин;
  • 9.3.2.зургаа давсан бөхөд улсын харцага;
  • 9.3.3.долоо давсан бөхөд улсын заан;
  • 9.3.4.найм давсан бөхөд улсын гарьд;
  • 9.3.5.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;
  • 9.3.6.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;
  • 9.3.7.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;
  • 9.3.8.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.

Хэрэв хууль батлагдвал жишээлбэл, улсын гарьд П.Сүхбат агсан улсын арслан хэмээх цол хүртэнэ. Монголынхоо ард түмэнд “Инээдэг Сүхбат”, “Ес давсан заан” , “Том Сүхбат” хэмээн алдаршсан түүний хувьд 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд ес даван үзүүрлэсэн ч арслан цолоо хүртэж чадалгүй хожмоо 2003 онд шинээр бий болсон улсын гарьд цолыг хүртэж байсан юм.

П.Сүхбат агсан нэгэнтээ ярихдаа “Өгдөггүй цолыг нь өөр дээрээ хадгалчихлаа. Би ер нь арслангийн эрэмбэтэй бөх” гэж байв.

Талийгчийг Денверт байхад нь түүнд улсын арслан цол олголоо гэх шуум гарсан ч гарьд цол олгож байлаа. Мөн улсын арслан Э.Мөнх-Эрдэнийн таван үзүүрлэсэн амжилтыг үндэслэн аварга цол олголоо гэж ярьж байсан ч удалгүй энэ яриа намжиж байсан түүхтэй.

Ардын хувьсгалын наадамд арав даван түрүүлж байсан хүчтэнүүд аварга цол хүртээнэ. Тухайлбал, 1935 оны түрүү бөх ард түмнээ “Мөнгөнморьтын” хэмээн алдаршсан Л.Чимэд арслан, 1928 оны түрүү бөх О.Аюур арслан, 1929 оны түрүү бөх Б.Банзар арслан, 1930 оны түрүү бөх С.Шагж арслан, 1933 оны түрүү бөх “Урт гарт Лхагва” хэмээх М.Лхагва арслан тэргүүтэй бөхчүүд бий.

1995 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд болж байсан Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн даншиг наадмын 512 бөхийн барилдаанд улсын цол олгосон ч удалгүй буцаан хурааж байв.

1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншигт улсын цол олгож байв.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хамтаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгох тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж буй. Өнгөрсөн жил Монголын төр түүхт 100 жилийн ойн баяр наадмаа хойшлуулсан ч бөхийн холбоо бөхчүүдийнхээ хүсэл зорилго, хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд ойрын жилүүдэд болоогүй чансаа өндөр 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан билээ. Оролцсон бөхчүүдийн нэрс, тоо зэргийг нь харгалзан үзвэл улсын баяр наадамтай дүйцэхүйц барилдаан болсон. Тэгвэл энэхүү барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд ч цол олгох асуудал яригдаж байна.

Дайны хүнд жилүүдэд ч хойшлогдож, цуцлагдаж байгаагүй улсын баяр наадам өнгөрсөн жил түүхт 100 жилийн ой дээрээ хойшлогдсон. Гэхдээ аймгийн наадмууд болж, бөхчүүд нь ч цолоо хүртсэн. Мөн шигшмэл болон бүсийн уралдаанууд зохион байгуулагдаж, морьдоо айрагдуулсан уяачид ч өнгөрсөн жилийнхээ амжилтаар улсын цол хүртсэн билээ. Төр засаг аль болох бүгдэд тэгш үйлчилсэн хууль баталж, бөхчүүд, уяачдын хөдөлмөрийг ижил үнэлэх хэрэгтэй биз ээ.

Та бүхэн “Байр суурь: Хэдэн залуус бөхийн цол чимэг авахад хохирох зүйлгүй” гэх нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж