Хувьсгал болох уу: Хүчирхийллийн давалгаа

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Хувьсгал болох уу: Хүчирхийллийн давалгаа

Хувьсгал болох уу: Хүчирхийллийн давалгаа

“Эдийн засгийн”, “эрүүл мэндийн”, “иновацийн”, “атрын”, “аж үйлдвэрийн”, бүр “амрагийн” хувьсгалыг “хүлхэнгээ” тохиромжтой цагийг хүлээгсэд. Монголчуудад дахин хувьсгал хэрэгтэй болсон талаар ам булаалдан ярьцгааж байна. Энэ бүхэн яван явсаар  “өнгөт хувьсгал” гарч болзошгүй хэмжээнд очсон талаар учир мэдэх нэг нь анхааруулах болов. “Өнгөт хувьсгалын хөрс, суурь Монголд бий болсон уу” гэх сэдвийг бид цувралаар хөндөж байна.  Өмнөх "Хувьсгал болох уу: Мэдээллийн дайн" нийтлэлийг ЭНД, "Хувьсгал болох уу: Хөгжлийн гацаа" нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Монголчууд манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн үүлэн чөлөөний нар шиг богинохон эрх чөлөө хумигдахдаа хумигдаж, хядуулж, хавчигдаж яван явсаар 90 жилийн дараа ардчилсан хувьсгалтай золгож, сая биелэлээ олсон. Түүнээс хойш эрх баригчдын эргэж буцсан, иргэдийн бодит амьдралаас хол зөрүүтэй, бодлого судалгаагүй шийдвэрийг иргэд эсэргүүцэл жагсаал хийх болсныг тоолж баршгүй. Өндөгтэй, улаан лоолтой, трактортой гээд өөр өөрсдийн өнгө, төрхтэй жагсаал хийж байв.
Харин сүүлийн урьд хожид үзэгдээгүй нэгэн шинэ төрөл орж ирсэн нь жагсагчдын эсрэг жагсах жагсаал бүртгэгдэв. Цар тахлын хүнд хэцүү цагт төсвийн мөнгийг үрэн таран хийхээ больж, хэрэгтэй зүйлд зарцуулахыг шаардсан “No naadam” жагсаалын эсрэг морьтой залуус төв талбайд муна шиг татуураа гоголзуулан горойв. Эл үест нэгэн сонирхолтой зураг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татсан нь хотын хөөрхөн бүсгүй, хөдөөгийн эгэл боргил, ичимхий залуу хоёрын зураг байв. Хэдийгээр жагсагчдын уур амьсгалыг эергээр зөөллөх тактиктай байсан энэхүү зураг үүргээ гүйцэтгэсэн ч захиалгатай байсан нь хожим ил болсон билээ.
Төр асуудлыг сайтар судалж, хэрэгтэй цагтаа тооцоотой шийдвэр гаргахгүй байгаагийн балгаар иргэд бие биенийхээ эсрэг ийн зогссон юм. Байдал бишэдсэн бол биенээ хэрхэх байсныг бүү мэд.

Гэтэл “Өнгөт хувьсгал” гээчийн бас нэг технологи нь нийгэм, эдийн засгийн хямралыг хүчирхийллийн давалгаа болгох зорилготой байдаг аж. Монгол Улс тэжээгчээсээ салж, зовсон ч өөрсдийгөө мэдэхээр болсон 1990-ээд оноос хойш байгаагүйгээр эдийн засгийн уналтын үедээ бухимдацгааж байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон, ажлын байр хумигдсан, аж ахуйн нэгжүүд ар араасаа шилээ даган дампуурсан байна. Гэтэл төр, засгийн удирдлагуудын худал, гоёчилсон үг, намын удирдлагуудаа долоосон заваан магтаал, иргэдээс хариуцлага нэхээд өөрсдөө үүргээ ухамсарлахгүй байгаа байдал нь иргэдийг улам л бухимдуулахад хүргэхээс цаашгүй.

Төр засгийн бодлого шийдвэрийг байнга эсэргүүцдэг хэр нь өөрсдөө огтоос ажил хийдэг нэр бүхий жагсагчдын нийгэм хүлээж авахаа болиод дөлөх маягтай болсон. Нэг биш болоод байгааг зөнгөөрөө мэдэрсэн иргэд биесээ сошиал ертөнцөөр уриалан дуудаж, олноороо нэгдэн жагсах үзэгдэл газар авч байна. Жагсаал цуглааны давтамж нэмэгдэн тасралтгүй шинжтэй болж, түүнийг дагаад танхайн хэрэг үйлдэгдэх болжээ. Жагсаж буй хүнийг очоод цохиод авах, барьж буй уриаг нь булаагаад зугтах үйлдэл гаргасаар байхад хууль сахиулж буй цагдаагийн ажилтнууд ч асуудалд мэдрэмжтэй хандаж, шударга ёсыг сахиулахын оронд өөгшүүлсэн байдалтай байгаа нь иргэдийг биесээ үгүйсгэх эмх, замбараагүй байдал руу хөтлөөд байх шиг.

Өлсгөлөн зарлаж буй хүнийг доромжилж, комедиан Д.Амартүвшинг /Амараа гэх нэрээрээ олны танил болсон/ зориуд өдөн зодолдож, дараа нь утгагүй тайлбар хийсэн. Жагсагчдыг эсэргүүцэж жагсаалыг нь үр дүнгүй болгох гэсэн явдал Д.Монголхүүг цохиж, жагсаалынх нь хэрэгслийг авч зугтахаар үргэлжилсэн. Ардчилсан хувьсгалд оройлон оролцогчдын нэг болох Д.Сосорбарамыг “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг хийх үеэр нь ОХУ-ыг дэмжигчид гурил цацсан юм. Гурил цацагч Х.Бээжин нь “Дэлхийн Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн бөгөөд өмнө нь бусдыг заналхийлсэн хэргээр ял авч байсан нэгэн болох нь хэвлэлээр гарсан билээ. Тэрбээр уулчлалт гуйх нь байтугай “Оросгүйгээр бид амьдарч чадахгүй” гэх ухааны тайлбар хийсэн. Гурил цацахаар очиход нь заавар өгсөн юм шиг дүр төрхтэй нэгэн орос нөхөр доогтой нь аргагүй инээсээр цааш холдож явж буй нь шууд дамжуулалт хийсэн камерт тодхон харагдсан билээ. Дээр нь Жуковын талбайд Оросын Украинд явуулж буй түрэмгийллийг зөвтгөсөн нацист гэмээр хувцастай залуусын жагсаал үзэгдэх болсон. Энэ нь олон ургалч, ардчилсан улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй үйлдэл гэхээсээ ардаа эзэнтэй, Монголоос өөр эрх ашигг үйлчлээд байх шиг. Гарч буй үйлдлүүд нь гадаадын улс орнуудад өрнөсөн “өнгөт хувьсгал”-ын элементүүд нэвт шингэсэн байх нь бүр эмзэглүүштэй.

Монгол Улсад МАН засгийн эрхэнд гарсан цагаас хойш буюу 2016-2021 оны хооронд 1125 удаагийн жагсаал, өлсгөлөн, суулт, бусад эсэргүүцлийн арга хэмжээ болжээ. Зөвхөн 2021 онд гэхэд давтагдсан тоогоор 235 удаагийн жагсаал болжээ. Жилийн 365 хоногийн 20 хоногоос бусад өдөрт нь Монгол орны хаа нэгтээ дээрх жагсаал болсон байх юм. Харин 47 хоногт нь долоон удаагийн өсгөлөн зарласан байх юм. Энэ бүгдэд давхардсан тоогоор 9916 орчим иргэн оролцсон гэх.

Тэгвэл эдгээр жагсаал, цуглаан, эвлэлдэн нэгдэж эсэргүүцэх шалтгаан нь хаанаас бий болов. Мэдээж төр, засгаас гаргаж буй бодлого, шийдвэр нь нийгэмд бухимдал үүсгэсэн учраас. Нэг нам дангаараа эрх барьж, бүгдийг хүчээр шийдэх болсон учраас иргэдийн зүгээс олон нийтийн цахим сүлжээгээр зохион байгуулалтад орж, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөл байдлыг бүрдүүлжээ.

Жирийн иргэдэд очих ёстой бага хүүтэй зээл, боломжийг намаараа завшиж, түүнтэй хэн ч хариуцлага тооцоогүй явдлыг гал намжаах маягтай арга хэмжээ авсан. Үргэлжлүүлэн цар тахлаар ямар хяналтгүйгээр төсвийн мөнгийг зарцуулсан, хөрш орнуудтай харилцдаг хилийн боомт тодорхойгүй хугацаагаар хаагдсанаар иргэдийн ачаа, бараа гацаж, нүүрс тээврийн эргэлт зогсож, бензиний хомсдол бий болсон. Өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл үүссэн зэрэг нь нийгэм, эдийн засгийн амьдралд шууд нөлөөлөх хүчин зүйлс болсон тул иргэдийн зүгээс төр, засгийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх хандлагыг улам нэмэгдүүлсээр… Дүн өвлийн хүйтэнд дөнгөж амарсан эхэд халдвар илэрсэн шалтгаанаар нүцгэн шахуу 20 минутын турш гадаа зогсоосон хэрэгт Засгийн газар хариуцлага хүлээн огцрохдоо тухайн үеийн засгийн тэргүүн хариуцлага нэхсэн шахайтай жагсаалын ард тухайн үеийн ерөнхийлөгч турхирч байсанд харамсч буйгаа УИХ-ын индэр дээрээс хэлж байв. Эв нэгдлийн билэг тэмдэг болсон хүн ийм үйлдлийн ард нуугдаж байсан бол ноцтойгоос ноцтой асуудал. Гэтэл үүнийг хэлэх төдийхнөөр өнгөрсөн нь Монголд улс орны эрх ашиг хэрхэн хөсөр хаягдсаныг гэрчилнэ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын тэргүүн байсан хүн өнөөдөр ОХУ-ыг дэмжээд, өөрсдийгөө үгүйсгээд явж байгаа нь бидэнд бодитоор аюул нүүрлэснийг харуулна.

Гаднаас их хэмжээний санхүүжилт авч жагсаал хийж байгаа тухай явган үгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлээд удаж байна. Гэхдээ сүржин мэдэгдэл, даржин шийдвэр гаргаж, шийдэх бус намжаах байдлаар л асуудалд хандсаар ирсэн нь хамгийн том алдаа болон хувирсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа ч түүнийг засах бодол байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхнийг ухамсарлан оновчтой бодлого шийдвэр гаргаж, салбар бүрт асуудлаа мэддэг мэргэжлийн хүмүүсийг тавьж, эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсч, бодлого шийдвэртээ тусгахын оронд иргэдийн нэрийг барьж их хэмжээний мөнгөөр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн байгууллагын томилгоог ах дүү, амраг садан, танил талын хаялага болгоод уджээ.  Тэр нь иргэдийн бодит амьдралд шууд нөлөөлж, улам бүр дордуулсаар байхад буруу бүхнийг холын хол хоцорсон өрсөлдөгч нартаа нялзаах гэж ичгүүр сонжуургүйгээр улайрдаг нь иргэдийн бухимдлыг улам л хүргэж байна. Хүний өөрийн гэлтгүй хэрэг тохоод бурууг бусад руу чихсэн ч ард түмэн тэнэг биш болохоор буурьтай, бодлоготой байж, ажлаа хийхийг сануулан залуус жагсаад эхэллээ. Нэг удаагийн жагсаалыг НАМЗХ-ны залуугаа гарган саармагжуулж дөнгөсөн ч дахиад хэр удаан тэрхүү технологиор аргацаах вэ?

Энэ мэтчилэн эрх баригчдын арчаагүй, унхиагүй байдал, цар тахлын биднээс хамаарахгүй хүчин зүйлс, нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, ТББ, иргэдийн зүгээс олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулах замаар Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлыг хангах чиглэлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг нэмэгдүүлж байна. Энэ нь нөгөө талаараа гадныхны гар хөл болж, харанхуйгаар ашиглагдан “өнгөт хувьсгал”-ын хөрсийг тавилцаж байх магадлалтай өндөртэй болжээ.

Бодитоор ийм аюул байсаар атал хууль сахиулагчид нь жирийн жагсагчдыг зодож, үймүүлэгчдийг өөгшүүлэх маягтай үзэгдэл гарах болсон нь жагсагчдыг хууль сахиулагчид руу дайрах, мөргөлдөөнд турхирах явдал руу түлхэхийг үгүйсгэх аргагүй. Үүнийг л “өнгөт хувьсгал” хийхийг санаархагч их гүрнүүд анаад сууж байдаг аж.

Ингээд сэрэмж алдсан үед нь өөрсдийнхөө гар хөл бологсдыг хөдөлгөнө. Энэ үед энгийн тэмцэгч, хутган үймүүлэгч хоёрыг ялгах боломжгүй болж тайван тэмцлийг анхны зорилгоос нь гуйвуулна. Хэрвээ энэ үед хууль сахиулагчид хуулийг чанд сахиулахгүй бол байдал улам дордож, нөхцөл байдлыг овжин ашиглаж “иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн” болно.

Ийм жишээ Монголд ч бий. 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглаан хормын дотор үймээн самуун болж, 5 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэл бэртэл авсан. Энэ явдлыг дэлхийн “өнгөт хувьсгал”-ын жагсаалтад  “Ноолууран хувьсгал” гэсэн нэртэйгээр нэмжээ.

Тухайн үед жагсаал зохион байгуулагчид нь тайван байхыг уриалж байсан ч нүүрээ алчуураар боосон залуус тэднийг чулуугаар шидэлж, намын байрыг шатааж, цагдаагийнхан руу хүч хэрэглэн дайрсан. Үүнд нь уурссан цагдаагийнхан эргээд иргэд рүү хүч хэрэглэхдээ буудуулаад хэвтэж байсан насан хүрээгүй хүүг дээрээс нь дэвслээд явах хүртлээ уналтад орсон юм. Үүний төлөө ямар ч эрх мэдэлгүй, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ч.Амарболд генералаас эхлээд цагдаагийн хэдхэн хүн л шийтгүүлсэн болоод дууссан. Харин чулуу шидэж буй зургаар хэдэн зуун залууст ял өгсөн. Хэн хожсон бэ гэвэл намын шатсан байр шинээр ордон болон сүндэрлэсэн.

Харин “өнгөт хувьсгал” гээд нам байтугай улс орны тусгаар тогтнолыг үгүй хийдэг аюултай. Тиймээс эрх баригчдыг нь авлигадаж, эдийн засгийг сүйрүүлдэг. Эцэстээ авлигад идэгдсэн, улс орноо бодоогүй удирдагчид эсэргүүцлийн үеэр улс орноосоо зугтаад гардаг бол улс нь тусгаар тогтнолоо алддаг аж. Тиймээс аль аль нь анхаарууштай айсуй цагийн ард нь амаа барих бус амжиж чимээлэхийг энэхүү цувралаар зорив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж