Монголын нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

Монголын нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй

Монголын нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй

Хоёр жилийн өмнө Монголын нэг иргэнд 28 сая төгрөгийн өр ногдож байсан бол өдгөө 33 сая болж өсчээ. Өрийн тааз тэнгэрт тулсан нь үе, үеийн Засгийн газрын буруу бодлоготой холбоотой.

УИХ-ын дарга Г.Занданшатар  өнгөрсөн долоо хоногт "Зимбабве, Замбигаас бид ДНБ-ий гадаад өрийн хэмжээгээрээ дутуугүй болчихоод байгаа. Нуугаад хаагаад өөрөө өөрсдийгөө хуураад явж болохгүй. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. "Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа" гэж хэлүүлэхгүйн тулд. Үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ. Өрийн хавханд улсаа хийчихсэн эрсдэлд орохгүйн тулд хэлэх хэрэгтэй" гэсэн уснаас хуурай гарах гэсэн хүний үг байлаа.  Үнэндээ 2016 оноос МАН засгийн эрхийг барьж байгаа. Хэрэвзээ Монголын гадаад өр тэнгэрт тулсан гэвэл энэ нь МАН, бас Г.Занданшатарт хамаатай юм.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын хэлснээр “Монгол улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу хасах 3.8 хувьтай гарсан" байна. Энэ бол бидний хувьд тун муу мэдээ. Эдийн засаг хэцүүдэхийн дохио юм, тоо худлаа хэлдэггүй гэдэг.  Тиймээс ОУВС аль болох хэрэгтэй хэрэггүй зардлаа танахыг эрх баригчдад сануулсан. Харамсалтай нь, УИХ төсвийн тодотголоор хэрэгтэй, хэрэггүй зардлуудаа олигтой танаж өгөөгүй баталсан юм.

Инфляци буюу үнийн өсөлт 15 хувь хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт болохыг эдийн засагчид анхааруулсаар. Эрх баригчид аман дээрээ таналт ярих ч цаанаа тансаг хэрэглээнээсээ татгалзсангүй.  Эдийн засаг нь агшаад зогсохгүй өндөр инфляцтай давхцах үзэгдлийг эдийн засагт стагфляц гэдэг. Тэгвэл Монгол Улс стагфляцид нэрвэгдээд зогсохгүй нэмээд өрийн хямралд өртжээ.

 22 сая иргэнтэй Шри-Ланкын ДНБ нь 80 тэрбум ам.доллар, гадаад өр 51 тэрбум ам.долларт хүрч дефолт зарласан. Харин манай улс 3.3 сая хүн амтай хэрнээ нийт өр 33 тэрбум ам.доллар давжээ.  Энэ нь нэг хүнд оногдох өрийн хэмжээгээр Шри-Ланка улсаас дөрөв дахин илүү үзүүлэлт аж.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "2021 оны сүүлээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрын өр 8.4 тэрбум ам, доллар байна. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөв дээр 905 тэрбум төгрөг сууснаас 365 хоногт хуваахаар 2,5 тэрбум төгрөг гэсэн тооцоолол байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын Улсын зээлжих зэргийг B3 буюу тогтвортой, хэвийн гэж тогтоосон нь Засгийн газрын зүгээс өрийн менежментийг хуулийн дагуу оновчтой хэлбэрээр явуулж байгаа нь харагдаж байна. Үлдэж байгаа өрийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд төлж байгаа" гэдгийг тодотгов. Үнэхээр эрх баригчдын үрж байгаа мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийнхөө нуруун дээр суучхаад үргэлж ташуурдаад байж болохгүй. Тэгвэл улсаараа сүйрэхэд ойрхон байгааг статистикийн тоонууд сануулсаар байгаа юм.

Ч.Хүрэлбаатар гишүүн инфляцийн өсөлтөд Төв банкийг буруутгаж буйгаа ч нуугаагүй. Тэрбээр ,"төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмнэ гэж байгаа ч хэрхэн, яаж нэмэхийг ирэх оны төсвийг хэлэлцэх үед нухацтай ярилцана. Харин төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляци 8 хувьтай байгаа. 2022 оны төвсийг хэлэлцэх үед инфляцийг мөн л энэ хувь дээр барина гэж Засгийн газар, Монголбанкныхан мэдэгдэж, бодлогын баримт бичгээ батлуулсан. Одоо инфляци 15, оны эцэст 17 хувьд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Иймд бодлогын алдаа хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, бид үнийн өсөлт, ханшийн уналтын алдааг нь засаж залруулахад онцгойлон анхаарч ажиллах ёстой" гэсэн.

Харин Ажлын хэсгийн зүгээс буцалтгүй тусламжийг 2023 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж байна. Буцалтгүй тусламж дотроо зээлийг дагаж орж ирдэг хэлбэр байдаг. Өөрөө хэлбэл, гадаад зээлийнхээ хөнгөлөлтийн түвшинг бууруулдаг. Засгийн газрын хувьд нийгмийн шинж чанартай асуудалд хөнгөлөлтийн түвшин өндөртэй зээл, эсвэл буцалтгүй тусламж авч ашиглахыг зорьдог гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Ийнхүү өртэй хүн өөдөлдөггүй гэгчээр Монголын өр өдрөөс өдөрт нэмэгдсээр. Өрийн хүүнд хоногтоо 2.5 тэрбумыг төлдөг, үүнийг сараар, жилээр үржүүлбэл, бид асар их хэмжээний мөнгө зөвхөн хүүнд нь өгч байна гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж