АНУ-ын мужуудын талцал ба галт зэвсгийн хяналт

Хуучирсан мэдээ: 2022.05.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын мужуудын талцал ба галт зэвсгийн хяналт

АНУ-ын мужуудын талцал ба галт зэвсгийн хяналт

АНУ-д сүүлийн хоёр долоо хоног дараалан галт зэвсэг ашигласан аймшигт халдлагууд боллоо. Сүүлд Техас муж дахь бага сургууль руу 18 настай залуу зэвсэг агсан орж, гал нээснээс 7-10 насны 19 хүүхэд, гурван хүн амь үрэгдсэн. АНУ-д галт зэвсэг ашигласан  халдлага сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байна. Ардчилсан намын хууль тогтоогчдын нь үзэж байгаагаар энэ бүхний хамгийн том буруутан нь галт зэвсгийн чөлөөтэй хэрэглээ гэв.

 АНУ-д иргэдийн галт зэвсэг эзэмших эрх бүр XVIII зуунд буюу 1791 онд Үндсэн хуульд хоёр дахь удаа нэмэлт өөрчлөлт хийхэд нээгдсэн. Муж тус бүр өөр өөрийн галт зэвсгийн тухай дүрэм, журмыг дагаж мөрддөг. Сэтгэцийн хувьд эрүүл, эрх зүйн чадамжтай, насанд хүрсэн америк хүн бүр зэвсэг эзэмших эрхтэй.

Тэгвэл Мягмар гаригт гарсан халдлагын дараа АНУ-ын сенатчид галт зэвсгийн хяналтыг чангатгах асуудлыг дахин сөхөж, дуу хоолойгоо илэрхийлж байна. Сенатчид уг асуудлыг АНУ-ын Конгресст хэлэлцүүлэхийг хичээжээ. Гэвч зэвсгийн хяналтыг чангаруулах чиглэлд Ардчилсан намынхан даргалдаг цөөн хэдэн мужаас бусад нэгдсэн улс даяар сүүлийн жилүүдэд ямар ч арга хэмжээ аваагүй ба зарим мужид эсэргээрээ зэвсэг ашиглах эрхийг улам нэмэгдүүлсэн байна. Учир нь олонх мужид гал зэвсгийн хатуу хяналтыг эсэргүүцдэг үзэл баримтлалтай Бүгд найрамдах намынхан засагладаг бөгөөд улс төрийн хувьд хуваагдмал мужууд ч байгаа аж.

“Гал зэвсэг ашигласан гэмт халдлагуудын эсрэг би ямар нэгэн зүйл хийж чадах албан тушаалд байгаа. Би хууль санаачлан өргөн барьж чадна. Гэвч энэ хууль цааш хэлэлцэгдэхгүй гэдгийг мэдэж байгаа учраас арга мухардаж байна” гэж Ардчилсан намын сенатч Грег Лединг жиргэжээ. Түүний ажиллаж буй Арканзас мужийн хууль тогтоох байгууллагад Бүгд найрамдах намынхан олонх юм.

Тэрээр  өөрсдөдөө болон бусдад аюул учруулахуйц гэж тодорхойлсон хүмүүсээс галт зэвсгийг нь хураахыг хууль хяналтынханд олгох хуулийн өөрчлөлтийг эрх баригчдад олон удаа лоббидсон ч амжилт олоогүй аж.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр бага сургуульд болсон халдлагын дараа Ардчилсан намаас сонгогдсон мужийн захирагчид, хууль тогтоогчид хүчээ нэгтгэн Конгресст нөлөөлөхийг хичээж байна. Харин Бүгд найрамдах намыхны зүгээс уг асуудалд иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд илүү хүчин чармайлт гаргаж, сургуулийн хамгаалалтыг нэмэгдүүлэх байдлаар асуудлыг хөнджээ. Тухайлбал, Техас мужийн захирагч Грег Абботт нь хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй гэдгийг байнга ярьдаг ч галт зэвсгийн хяналтыг чангаруулах нь үр дүнгүй гэж үздэг байна. Галт зэвсэг эзэмшдэг хүний тоогоороо АНУ-ыг  Техас муж тэргүүлдэг.

Түүнчлэн Теннесси мужийн захирагч Жереми Файсоны хувьд сургуулиудад аюулгүй байдлыг хамгаалах офицер ажиллах ёстой гэж мэдэгдэн, энэ талаар хууль боловсруулан хэлэлцүүлэхээр болжээ.

АНУ-ын нийт мужийн 30 орчимд нь бусдад харагдуулахгүйгээр биедээ галт зэвсэг авч явах, зарим нь гэртээ хадгалахыг зөвшөөрдөг. Түүнчлэн зарим мужид заавал буу эзэмших ёстой гэсэн хууль байдаг аж. Тухайлбал Жоржиа мужийн оршин суугч бүр гэртээ гар буутай байхыг мужийн хуулиар үүрэгджээ. Харин Аляска, Вермонт зэрэг мужид галт зэвсэг худалдан авах, биедээ авч явахад ямар ч тусгай зөвшөөрөл шаардлагагүй, хязгаарлалт байхгүй.

Өмнө 2012 онд Сэнди Хүк бага сургуульд буу ашигласан халдлага гарч, 20 хүүхэд, зургаан багш, ажилчин амь үрэгдсэн хэргийн дараа Коннектикут мужид галт зэвсгийн хяналтыг чангаруулах санаачлагыг хоёр намын хууль тогтоогчид дэмжиж байв. Гэвч 10 жилийн дараа буюу энэ оны эхээр тус мужид галт зэвсгийн хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, чангатгах төслийг Бүгд найрамдах намыхан гацаажээ.

Галт зэвсэг чөлөөтэй эзэмших асуудал дээр америкчууд хоёр хуваагдан талцдаг. Нэг нь мэдээж галт зэвсгийг иргэд чөлөөтэй ашигласнаар энэ төрлийн гэмт хэргийн тоо өсч, олон гэмгүй хүмүүс гэмт хэргийн золиос болж байгаа явдал. Харин нөгөө хэсэг нь галт зэвсэггүй бол иргэд биеэ хамгаалах чадваргүй болж, гэмт хэргийн тоо улам нэмэгдэж, хохирогчдын тоо ч мөн өснө гэж үздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж