Хятадын удирдагч Ши Жиньпин Лхагва гаригт НҮБ-ын хүний эрхийн дээд албан тушаалтанд улс эх орныхоо үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэж ярив. Мөн Хятад улсын амжилт бусад оронд хамаагүй, үндэстэн болгон өөр өөрийн замаа олох хэрэгтэй гэв.
Улс төрийн сөрөг хүчингүй, үг хэлэхийг хатуу хязгаарладаг эрх баригч Коммунист намыг тэргүүлж буй Ши Жиньпин гаднын улс орнууд хүний эрхийн талаар дураараа бусдад лекц уншиж, асуудлыг улстөржүүлж байна гэж шүүмжилжээ.
Ши Жиньпин НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн тэргүүн Мишель Бачелеттэй цахимаар холбогдох үеэрээ "Урт хугацааны, тууштай шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улс цаг үеийн чиг хандлагад нийцсэн. Өөрийн үндэсний нөхцөлд тохирсон хүний эрхийн хөгжлийн замд амжилттай орсон" гэж хэлсэн байна.
Бачелет Хятадад хийж буй зургаан өдрийн айлчлалынхаа үеэр алслагдсан Шинжаан мужид зочилж байна. Хятадын засгийн газар Уйгур болон бусад үндэстний эсрэг хүний эрхийг зөрчиж, хоморголон устгасан гэж буруутгагдаж байгаа баруун хойд нутагт аж.
Бачелетын айлчлалыг Барууныхан буруушаасан юм. Учир нь айлчлалын хүрээнд Хятад улс үнэн төрхийг нуун дарж, Бачелетыг хэнтэй ярилцахыг хязгаарлаж, тусгай аялал зохион байгуулж, суртал ухуулгын зорилгоор ашигласан гэж үзэж байгаа юм. “CCTV”-ийн Бачелетд өгсөн тайланд Шинжаан болон Коммунист нам Түвд, Өвөрмонголын тэрс үзэлтнүүд, идэвхтнүүд, угсаатны бүлгүүдэд ихэвчлэн хатуу ханддаг тухай дурдаагүй байна.
Ши Жиньпин хүний эрхийн асуудлаарх Коммунист намын олон жилийн байр суурийг илэрхийлж, Хятад улс өөрийн замаа олж, бусад орны загварыг бүрэн хуулбарлахгүй байх ёстой гэж үздэг талаар тайлбарлажээ. Мөн дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцож байна гэж гаднын орнуудыг шүүмжилсэн байна. Түүнчлэн ард иргэдийн амьдралыг сайжруулах нь хөгжиж буй орнуудын хувьд хүний хамгийн чухал эрх гэдгийг онцлоод, Хятад улс ард иргэдээ ядуурлаас ангижруулж чадсаныг онцолжээ. Тиймдээ ч тус улсын дотоод асуудалд хамаагүй оролцохгүй байхыг хүссэн байна.
Эх сурвалж: nbcnews
Холбоотой мэдээ