Монголын экспорт, импортын гарц нээгдэв

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Монголын экспорт, импортын гарц нээгдэв

Монголын экспорт, импортын гарц нээгдэв

Цар тахлын нөхцөл байдал урд хөршид бүртгэгдсэний улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсан. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортлох болсон талаар энэ долоо хоногт мэдээлэв. Тодруулбал, ирэх сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх юм. Мөн урд хөрш рүү гаргах экспорт хэвийн үргэлжлэхээр болсон. Эдгээр шийдвэр нь монголын экспорт, импортын гарцыг дахин нээж буй үйл явц юм.

ХОЁР УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Засгын газрын өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн онцлох шийдвэрийг танилцуулсан. Үүний нэг нь зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх мэдээ байв.  Одоогоор хоёр долоо хоногт нэг удаа нислэг товлож байгаа ч цаашид долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж байгаа аж.

Төлөвлөгөөт нислэгийн хуваарийн эцсийн шийдвэр гараагүй бөгөөд албажаагүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Албан бус мэдээллээр монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст 26 сарын дараа буюу ирэх зургадугаар сард хоёр улсын агаарын хилийг нээхээр болсон юм. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой.

ХЯТАД РУУ УУЛ УУРХАЙН БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ СЭРГЭЭВ

Covid-19-ийн улмаас өнгөрсөн жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүн  Хятад руу экспортлохоо зогсоод байв. Харин энэ оны тавдугаар сарын 18-наас экспорт хэвийн үргэлжлэх болсон талаар ГХЯ мэдээлсэн. Тухайлбал, Монгол Улсаас Хятадад экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд энэ сард Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр хятадын талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэ талаар Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 18-ны өдөр №103 тоот шийдвэр гаргаж, монгол талд мэдээлэл ирүүлээд буй.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТОЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭВ

Түүнчлэн ГХЯ-наас өгсөн мэдээллээр өчигдөр /2022.05.25/ Шивээхүрэн-Сэхээ автозамын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлжээ. Хятадын  ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Эзнээ хошуунд Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламж барьж байгуулжээ. Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-наас эхлүүлжээ.

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЗАДГАЙ ВАГОНООР НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ

Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв. Харин цар тахлаас шалтгаалж 2021 оны арваннэгдүгээр сарын 28-наас тус төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн хүний гараар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн хятадын талаас мэдэгдэж байлаа.

Улмаар хятадын талтай ажилласны дүнд 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байсан юм.

Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгджээ.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖ, АЧААГ УРТАСГАСАН ЦАГААР ОЛГОЖ БАЙНА

Улаанбаатар төмөр замаар үйлчлүүлэгчдийн импортоор оруулж ирж байгаа ачааг түргэн шуурхай олгох ажлыг сайжруулах зорилгоор УБТЗ болон ГЕГ  хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ. Тус ажлын хүрээнд УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн импортоор оруулж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт шуурхай хийж, ачааг олгох ажлыг хийж эхлээд байна. Ингэхдээ УБТЗ импортын ачаа тээврийг оновчтой зөв зохион байгуулж 24 цагаар ажиллаж байгаа юм. Гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гаригт 8:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, гаалийн бүрдүүлэлт хийж, олголт хийж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж