Ардчилсан намын даргаар сонгогдохын тулд “хүн шарж, хүрээ талахаас” буцахгүй байсан Х.Баттулга гэнэт УДШ-ээс хүсэлтээ түр буцаан татсан нь хууль шүүхийг хүндэтгэсэндээ ч юм уу эсвэл дүрэм журмыг нь дагасандаа биш. Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхөөр үүдэнд нь тэтгэврийн хөгшдийг суулгаж, тэднийг “зулын гол болгоно” гэж улс төрийн акц хийж, айлгаж, сүрдүүлж явсан хүн шүү дээ.
Хууль, дүрмээрээ Х.Батулга АН-ын дарга болох боломжгүй. Өнгөрсөн сард УДШ-ээс С.Эрдэнийн талын явуулсан намын дүрмийг бүртгэсэн. УДШ-д бүртгүүлсэн дүрмээр Ардчилсан нам даргаа тодруулах, намаа шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа. Энэ сарын 29 буюу ирэх Даваа гаригт АН-ын ҮБХ-ны ротаци явагдана. Тус намын хуучин ҮБХ-ны гишүүдийн дийлэнх нь шинэ ротацид оролцохоор бүртгүүлсэн.
Тиймээс Х.Баттулгын хувьд АН-ыг авч чадахгүй гэдгээ маш сайн мэдэж байгаа. Гол нь АН-ыг авч чадахгүй бол “алах” зорилготойгоор акц хийж байгаа болов уу. Тэгээд ч түүний халаасанд нэгээр тогтохгүй нам байгаа хойно. Нөгөөтэйгүүр түүнийг Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нартай нийлж шинэ нам байгуулах тухай мэдээлэл улс төрийн хүрээнд сонсогдох болсон хоосон цуурхал биш ч байж мэднэ. Шунал хүсэл, характерын бодоход Х.Баттулга ганц туулай хөөх хүн бүр биш юм. Ингээд түүний халаасанд байгаа намуудын тухай хүргэе.
МОНГОЛЫН НОГООН НАМ
Үндсэн хуульд өөрчлөлттэй зэрэгцээд Сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох ёстой гэж эрх баригч МАН-ынхан ярих болсон. Тэгэхээр ирэх 2024 оны сонгууль бараг пропорциональ тогтолцоогоор явах нь нэн ойлгомжтой болж байна. Энэ тохиолдолд Монголын ногоон нам жагсаалтын гуравт бичигдэнэ. Иймээс Монголын ногоон намыг Х.Баттулга О.Бум-Ялагчаас худалдаж авсан тухай улс төрийн хүрээнийхнээс сонсогдоод удаж байгаа билээ. Мэдээж, Х.Баттулгад Монголын ногоон намыг худалдаж авах санаа байгаа байх. Харин О.Бум-Ялагч түүний аманд тийм амархан орчихгүй байх. Учир нь өнгөрсөн 2021 онд “Х.Баттулга улстөрч биш байна. Наймаа, бизнес хийдэг сэтгэлгээгээрээ л улстөр хийгээд байна. Яахав бизнес хийгээд алдвал та л хохирно, таны мөнгө төгрөг хохирно. Харин улстөрд алдвал бүх ард түмнээрээ, улсаараа алдах ийм аюултай. Тэр хүн ийм хариуцлагаа ойлгоогүй явж байсан учраас өнөөдөр ийм байдалд хүрч байна. Тэгэхээр “Монгол ялсангүй”. Бид нарын ойлгож байгаагаар Х.Баттулга өнгөрсөн 4 жилд боломжоо бүрэн ашиглаж чадсангүй. Ярьж байсан, хэлж байсан амлалтуудаа биелүүлж чадсангүй” гэсэн шүүмжилж байжээ.
ИЗНН
Иргэний зориг ногоон нам Х.Баттулгын халаасанд хэдийнэ орсон. Хэдийгээр нэрэн дээрээ Ц.Ганхуяг тус намын дарга гэгддэг ч нэдэр дээрээ экс Ерөнхийлөгчийн эхнэр Ц.Энхтуяагийн хамаарал өндөр гэсэн яриа байдаг. Тэрбээр тус намын дэд даргаар ажилладаг. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар нэр дэвшээд өвдөг шороодсон бий. Ямар ч байсан Х.Баттулга ИЗНН-ыг авахгүй юм аа гэхнээ ИЗНН түүнтэй ирэх сонгульд эвсэхэд бэлэн байгаа байх.
ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМ
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болж бөөн хэл ам, хэрүүл шуугиан тарьсан. Тус намын дарга Ц.Баянбилэгийг шоронд суулгаж байгаад намыг нь булаан авсан гэх асуудал үүссэн. Тэрбээр удалгүй суллагдаж Г.Уянгын намаасаа хөөснөөр энэ асуудал намжсан байдаг.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБОО ЭСВЭЛ БАЙГУУЛНА
Тэрбээр АН-ыг авч чадахгүй бол Монголын ногоон намтай хамтран Монголын ардчилсан холбоо эсвэл байгуулна гэсэн мэдээлэл бий. Ардчилсан намын даргаар бүртгэхгүй бол АН-ыг татан буулгах хүсэлт явуулна гэсэн яриа ч сонсогдож байгаа. Х.Баттулгаас ямар ч эвгүй мэх, улс төрийн акц гарах магадлал өндөр. Ээж шигээ өндөр настай хөгшчүүдийг “зулын гол болно” гэсэн пайз зүүлгээд гудамжинд суулгахчихаж байгаагаас харвал. Цаашлаад өнгөрсөн хавар МАН-ыг тараана, татан буулгана гэсэн улс төр хийснийг бодохоор АН-ыг татан буулгана гэсэн акц хийх магадлал өндөр. Ямар ч байсан Х.Баттулгын хувьд ирээдүйд Л.Оюун-Эрдэнийн суудлыг авахын төлөө улсаа зарахаас буцахгүй нь яваа нь бүр үнэн билээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ