Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтаа эрчимжүүлж буйтай холбоотойгоор АНУ хориг арга хэмжээгээ чангаруулахаар төлөвлөөд байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Ази дахь айлчлалыг Хойд Солонгос баллистик пуужингаар үдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл шинэ хориг арга хэмжээний асуудлаар өнөөдөр /2022.05.26/ санал хураалт явуулах болжээ.
Жо Байдены айлчлалыг залгуулаад Пёньянаас гурван ч пуужин харвасны нэг нь тив алгасагч хамгийн том пуужин байж болзошгүй аж. Хойд Солонгос 2006 оноос хойш НҮБ-ын хоригт орсон бөгөөд Аюулгүйн зөвлөлөөс жил бүр тасралтгүй арга хэмжээ авсаар байна.
Энэ удаад авах шинэ хориг арга хэмжээ нь тус улсын хууль бус хоморголон хөнөөх зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө урагшлуулах чадварыг цаашид хязгаарлана гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв. Ингэснээр хориг арга хэмжээний хэрэгжилт илүү үр дүнтэй байж, тусламж хэрэгтэй хүмүүст хүмүүнлэгийн тусламж хүргэх ажил улам хөнгөвчилнө гэлээ.
Гэвч Хятад, Орос хоёр Хойд Солонгост тавьсан хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг шаардаж байна. Хятадын НҮБ дахь төлөөлөгч хориг арга хэмжээ авахын оронд албан ёсны мэдэгдэл гаргахыг санал болгожээ. Тэрбээр энэ хориг арга хэмжээ ямар ч асуудлыг шийдэхгүй гэж бодож буйгаа илэрхийлсэн байна.
Шинэ хориг арга хэмжээний тогтоолын төсөлд санал хураахад есөн орны зөвшөөрсөн хариулт шаардлагатай. Түүнчлэн Орос, Хятад, Франц, Их Британи, АНУ гэсэн улсууд хоригийг татгалзах эрхгүй юм байна.
Эх сурвалж: REUTERS