АН: Шоронжсон дарангуйлал Монголд тогтоно

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

АН: Шоронжсон дарангуйлал Монголд тогтоно

АН: Шоронжсон дарангуйлал Монголд тогтоно

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээллээр өнөөдөр /2022.05.26/ Үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах санал хүргүүлсэн талаар мэдээллээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Энэ оны тавдугаар сарын 29-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ой тохиох гэж байна. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийн дагуу ҮАБЗ гэх шинэ институцийг байгуулсан. Энэ 30 жилийн босгон дээр Монгол Улс үндэсний аюулгүй байдлын сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Гэтэл эрх баригчид тулгамдсан асуудал биш баяр ёслолын хүрээнд тэмдэглэж, хурал хийж байгаа нь утгагүй. Монгол Улсын үндэсний байдлын тухай хууль гэж бий. Өөрөөр хэлбэл, улсын язгуур эрх ашгийг хангах зорилготой гадаад дотоод нөхцөл байдлыг зохицуулах заалттай тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хөрш зэргэлдээ улс оронд үймээнтэй, ардчилсан тогтолцоо байх уу үгүй юу?, хүний эрхийн хамгаалах тогтолцоо байх уу гэдэг дээр монголын төрийн байр суурь тодорхойгүй хэвээр байна. Тиймээс АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй энэ асуудлаар уулзах санал хүргүүлсэн. Уулзалтыг ойрын хугацаанд цаг алдахгүй хийнэ.

Үндэсний аюулгүй байдал хүний эрхтэй салшгүй холбоотой. Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, хууль дээдлэх, парламентийн ардчиллыг бэхжүүлэх гэдэг бол үндэсний аюулгүй байдлын тулгуур.

Та бүхэн мэдэж байгаа. Харамсалтай нь, Засгийн газар, төрийн бодлого үүний эсрэг явж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Ингэснээр хүний эрхийг уландаа гишгэж байгааг харуулж байна. Х.Нямбаатар хууль зүйн сайд болсноор хүний эрхийг уландаа гишгэсэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Тухайлбал, мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүй хүнийг албадаж ирүүлдэг болох нь. Мөрдөн шалгах үйл ажиллагаа прокурорын хяналтад байх ёстой. Түүнээс мөрдөгч иргэнийг дуудаад ирээгүй тохиолдолд барьж хорино гэдэг бол байж боломжгүй зүйл. Ц.Нямдоржийн үеийн шоронжсон хуулийг одоо Х.Нямбаатар сэргээх гэж байна. Дээрээс нь хуулийнхан өөрсдөө төрийн ордонд орж ажлаа хөнгөвчилж хууль захиалахаа болих хэрэгтэй. Шүүх, цагдаагийн байгууллага өөрийн зовлонгоо хялбар шийдэх гэж хууль оруулж ирдэг болсон. Шүүгч, прокурор, мөрдөгч хууль хийдэггүй юм. Тиймээс хууль зүйн сайд өргөн барьсан хуулийн төслөө яаралтай эргүүлэн татаж авна уу. Тэгэхгүй бол шоронжсон дарангуйллын засаглал Монголд тогтоно.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүний эрхийн зөрчлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Түүнээс баярын хурал хийгээд явж байдаг үе өнгөрсөн.

Парламентын ардчиллыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн дархлааг бэхжүүлэх реформ хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгч мөн санал санаачлагатай ажиллахыг уриалж байна.

ХҮНИЙ ЭРХИЙГ ЯМХ ЯМХААР ХУМИДАГ ТОГТОЛЦООГ АРИЛГАХ ХЭРЭГТЭЙ

АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ц.Оюундарь:

-Энэ долоо хоногт АН-ын үндэсний бодлогын хорооны сонгуульд нэр дэвшигч 123 гишүүний сурталчилгааны ажил үргэлжилж байна. Ирэх 29-нд цахим санал хураалт болно. Одоогоор нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлын явцад ямар нэгэн асуудал үүсээгүй. Дараагийн зүйл бол нийслэлийн АН энэ долоо хоногт маш сайн ажиллаж байна.

Сөрөг хүчний хувьд АН-ын бүлгийн гишүүн цөөхөн учир хулгайн заалт буюу хүний эрхийг зөрчсөн хуулийг эсэргүүцэж хурал орхиод гарсан ч дийлэхгүй. Тиймээс жагсаал, цуглаан зохион байгуулж байна.

АН хэзээд хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн. Эрүүгийн хуульд оруулж байгаа доромжлох гэдэг заалт дээр бүх хүний анхаарал төвлөрч байна. Энэ хооронд гишүүд доромжлох заалтыг аваад л илүү аюултай заалттай хуулийг батлах гэж байна. Хүний эрхийг ямх ямхаар хумьдаг тогтолцоог арилгах хэрэгтэй. Түүний тулд дуу хоолойгоо иргэдтэйгээ нэгдэж хүргэх болно.

ОЛОН АЖЛЫН ХЭСЭГ УДИРДАХЫН ОРОНД ҮНДСЭН АЖЛАА ХИЙ Х.НЯМБААТАР АА…

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-Шударга ёсыг бүрдүүлж болдог. Гэтэл МАН хуулиар хүний эрхийг боомилох гэж байна. Төр албадлагын арга хэмжээ авахдаа хүртэл цахим гавын төлбөрийг иргэнээс гаргуулж байгаа юм. Энэ асуудлыг хүний эрхийн олон улсын байгууллагад хандах болно. Иргэн Д.Монголхүү, н.Отгонжаргал нар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цахим гаваар гавлагдаж байна. Өчигдөр Нийслэлийн АН-аас Х.Нямбаатар сайдаас тайлбар авах хүсэлт өгсөн. Харин хууль зүйн сайд үүнийг мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Мэдээж Х.Нямбаатар сайд цагдаа, шүүхийн байгууллагаа удирдаж чадахгүй байгаа. Түүнийг нь иргэд олон нийт ч хэлж байна.

Олон ажлын хэсэг удирдахын оронд үндсэн ажлаа хийхийг Х.Нямбаатараас шаардаж байна.

Ц.Нямдорж ил гарахаа больсон болохоос хуулийг атгаж, удирддаг хэвээр байгаа. Түүний үр дүн нь Х.Нямбаатарын өргөн барьж буй хуулийн төслөөс харагдаж байна. Өнөөдөр монголчууд өвөө, эмээ нарыг тэтгэвэрт гарахыг хүсч байгаа. Гэтэл төрд байгаа өндөр настнууд ажлаа өгөхгүй байсаар байна. Үүнд хариуцлагын тогтолцоо хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж