Я.Содбаатар: Би 2006 оноос хойш Д.Сүрэнхортой уулзаагүй

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Я.Содбаатар: Би 2006 оноос хойш Д.Сүрэнхортой уулзаагүй

Үйлдвэр
худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг
интерполоор дөрвөн жил эрэн хайсны эцэст Австрийн цагдаа нар саатуулж,
өнгөрөгч бямба гаригт Монголд авчирлаа. Түүний тухай олон мэдээлэл
байгаагаас хамгийн олны анхаарал татсан нь тэрбээр ирэхээсээ өмнө
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ дарга Я.Содбаатартай утсаар
ярьсан гэх мэдээлэл байлаа. Энэ мэдээлэл үнэн эсэх болон бусад асуудлаар
МХЕГ-ын дарга Я.Содбаатартай уулзаж ярилцлаа.

-Д.Сүрэнхорын
тухай болон түүнийг тантай холбоотой гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олны
анхаарлыг  татаж эхэллээ?

-Би ийм мэдээлэл
гаргасан сонинг хараад л сууж байна. Өдөр тутмын сонинуудын хамгийн том
гэгддэг “Өдрийн сонин” бүтэн албаараа хөдлөөд ийм ташаа мэдээлэл тарааж
байгаад би харамсч байна. Дөнгөж сая удирдлагатай нь ярилаа. Ташаа
мэдээлэл гаргасангаа залруулж ярилцлага авна гэсэн.

-Тантай
ярьсан гэдэг худлаа юм уу? Та түүнтэй ямар холбоотой байсан бэ? Зарим
эх сурвалж таныг Д.Сүрэнхортой их дотно байсан гэх юм?

-Бид нэг үеийн, үзэл бодлоороо нэгдсэн залуус байсан
гэдгийг би үгүйсгэхгүй. Д.Сүрэнхорыг 1999 оноос хойш мэднээ. Ажил
байдал, амьдралын зам мөрөөр бид хамт ажиллаж, нэг үйлсийн төлөө зүтгэж
явсан. Д.Сүрэнхор Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
байхад би сайдын зөвлөх байх жишээтэй. МАХН-ын Ардчилсан социалист
залуучуудын холбоонд бид хамтарч ажиллаж байсан. Хүнийг ийм байдалд
байхад би найз байгаагүй, танихгүй гэж би хэлэхгүй. Надад гэр бүлээрээ
найзалдаг, нийгэмд тодорхой байр суурьтай хүмүүс байна. Зандка
/Г.Занданшатар ГХ-ны сайд/, Зоригоо /Д.Зоригт/, Ж.Энхбаяр /УИХ-ын
гишүүн/ гээд найзууд олон. Бид сар шинээр хөгшчүүддээ очиж золгодог,
чөлөөт цагаа гэр бүлээрээ хамт өнгөрөөдөг гэр бүлийн найзууд. Хэн
нэгнийх нь хүүхэд өвдлөө гэхэд туслах гээд л бүр дотно болсон хүмүүс.
Д.Сүрэнхор бид хоёр ийм дотно байгаагүй гэж хэлэх байна. Үүнийг манай
нам болон улстөрийн хүрээний олон хүн мэдэх байх.

Д.Сүрэнхорын
хувьд албан ажлаа хийж байгаад л гэнэт сураггүй болсон. Тэр үеэс хойш
би нэг ч удаа уулзаж, холбоо бариагүй. Сонин хэвлэлээр түүний ту­хай
бишгүй л бичиж,  үнэн ху­дал нь мэдэгдэхгүй олон яриа гарсаар байна. Би
яг л тийм мэдээлэлтэй байгаа хүн.

-МАХН-ын
Ардчилсан социалист залуучуудын холбооны /АСЗХ/ “Асаалт­тай арван
танк”-ны нэг нь Х.Хүрэлсүх даргаас эхлээд та болон Д.Сүрэнхор,
“Хад­галамж” банкинд тооцооны нягтлан хийж байгаад 14 тэрбумыг завшсан
гэгдэх Ц.Чимэдцэрэн нар байлаа.  Д.Сүрэнхорыг Ц.Чимэд­цэрэн мөрийтэй
тоглоомд уруу татсан гэлцэх юм. Танд энэ талаар мэдэх зүйл байдаг уу?

– Д.Сүрэнхорын мөнгөний асуудлыг хэн ч мэдээгүй.
Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхлэхэд л бид мэдсэн.
Мөрийтэй тоглодог гэсэн сураг л сонсч байсан. Харин Ц.Чимэдцэрэнтэй
найз, хамт мөрийтэй тоглодог гэд­гийг мэдэхгүй юм байна. Их дотно
байгаагүй гэдгийг нь бол мэдэх юм байна. Нэг зүйлийг онцлоход АСЗХ-ныхон
үзэл бодлоороо нэгдэн ажиллаж байснаас мөнгө, эдийн зас­гийн ямар нэг
холбоогүй гэд­гийг хэлье. Миний нэг хатуу баримталдаг зарчим байдаг юм.
Хүн амьдралдаа хариуц­лагатай байхаа мартаж болох­гүй. Нийгмийн ямар нэг
бүлэг­лэлд хүн өөрөө багтаж , ажил­лаж амьдардаг. Тэр бүх хэсэг­тээ
өөрийн гэсэн хариуц­лагатай байх учиртай. Амьд­рал эрээн бараантай
байдаг. Энэ хүн алдаж яваа л нэгэн.  Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлагаа
хүлээх байх. Хувь хүний асуудлыг улстөржүүлж, үзэл санаа нэг нөхдөд нь
халдаах гэж оролдох нь буруу зүйл.

-Д.Сүрэнхорын
улсад учруулсан хохирол Ц.Чи­мэд­цэрэнгийн хохирлын хажууд маш бага.
Гэтэл тэр яагаад гадагшаа гарах болов, яагаад ирэх болов, хэн түүнд
туслав гэсэн олон асуулт олны анхаарлыг татаж байна. Зарим нэг хэвлэлд
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн нартай
холбоотой гэх юм?

-Энэ тухай надад мэдэх
зүйл алга. Хэн түүнд ямар дарамт шахалт үзүүлсэн гэд­гийг тэр хүн өөрөө л
хариулах байх. Тэгээд ч шалгах эрх бүхий газар нь шалгаж эхлээгүй шахуу
байхад би дүгнэж олон зүйл хэлэх боломж байхгүй.


Д.Сүрэнхор яамны зас­варын 150 сая төгрөгөөс гадна олон хүнээс их
хэм­жээний мөнгө залилсан гэсэн. Та болон таны найз ГХ-ны сайд
Г.Занданшатар түүнд хууртан их хэм­жээний мөнгөө алдсан гэсэн яриа ч
байдаг?

-Би түүнтэй ямар нэгэн мөнгөний
асуудлаар холбог­дож байгаагүй гэдгээ хэлсэн. Би түүнд нэг ч төгрөг авч,
өгөлцөж байгаагүй. Ха­рин Г.Занданшатарын өмнөөс би юу хэлэх вэ. Миний
бодлоор үгүй л болов уу.

-Харийн улс оронд
байхад нь та холбоогүй байсан юм байна. Харин одоо Д.Сүрэнхор эх
орон­доо ирээд Ганцхудагт саа­туулагдлаа. Нэг үе хамт, нэг үйл хэргийн
төлөө зүтгэж явсан хүний хувьд та түүнтэй очиж уулзах уу?

-Хүн ёсны асуудал байхыг үгүйсгэх аргагүй. Яг одоо  би
тэгнэ, ингэнэ гэж хэлэхгүй. Д.Сүрэнхорын амьдрал ингээд дуусахгүй шүү
дээ. Алдаж, оносон ч гэсэн хариуц­лагаа хүлээгээд энэ нийгэмд амьдрах л
болно.

Х.Сүрэн 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж