ЖАЙКА: 2040 онд Улаанбаатарын зам өдрийн турш “түгжирнэ”

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

ЖАЙКА: 2040 онд Улаанбаатарын зам өдрийн турш “түгжирнэ”

ЖАЙКА: 2040 онд Улаанбаатарын зам өдрийн турш “түгжирнэ”

Олон улсын байгууллагуудын судалгааны дүгнэлтээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудал ойрын 20 жилдээ ч шийдэгдэхгүй хэвээр байх бололтой. 

Улаанбаатар хотын хүн ам 2000 онд 747.130 байсан бол 2020 оны байдлаар 1,524.795 болж хоёр дахин өсчээ. Сүүлийн 20 жилийн байдлаар улсын хүн ам дунджаар 1.7 хувь өссөн бол нийслэлийн хүн ам 3.6 хувиар өсч, улсын хүн амын 45 хувьд хүрсэн байна. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн өсч, 2000 онд 42.509 байсан автомашин 2020 онд 604.818-д хүрч, жилд дунджаар 15 хувиар өсчээ.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн авто замын сүлжээний урт 2020 оны байдлаар 1,135.7 км ба гол зам 148.7 км, туслах зам 226 км, хороолол дундах зам 761 км болон 70 гаруй гүүр, гүүрэн гарц бий.

Япон улсын ЖАЙКА байгууллага судалгааны тайландаа, Улаанбаатар хотын хэвтээ чиглэлийн гол коридор болон Энхтайваны өргөн чөлөө 2019 оны байдлаар түгжрэлийн түвшин VCR нь 3.0-аас дээш олон хэсэгт байгаа нь замын хөдөлгөөний ихээхэн түгжрэл үүссэнийг дурдсан байна. Түүнчлэн 2040 он гэхэд хотын хэмжээнд авто замын түгжрэл газар авч, бүхэл өдрийн турш түгжрэх авто зам их байх нь харагдаж байгаа тул зам, тээврийн дэд бүтцийг сайжруулах зайлшгүй хэрэгтэйг зөвлөжээ.

Авто замын сүлжээний урт болон автомашины тооны өсөлтийн харьцаа алдагдсан нөхцөл байдлаас үүдэн оргил цагийн үед замын түгжрэл ихээхэн нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2021 оны эцсийн байдлаар 658.047 байгаагийн 80 орчим хувь нь техникийн хяналт үзлэгт хамрагдаж, замын хөдөлгөөнд оролцож буй. Замын хөдөлгөөнд оролцож буй тэдгээр тээврийн хэрэгслийн 70 хувь нь 10 ба түүнээс дээш жил, 22 хувь нь 7-9 жилийн насжилттай байна.

Ашиглагдаж буй тээврийн хэрэгслийн 90 хувь нь 2-3 жилийн дараа 10-аас дээш жилийн насжилттай болох нь. Ийм нөхцөлд нийслэлд 10 гаруй жил ашигласан тээврийн хэрэгсэл ихэсч, замын хөдөлгөөнд эвдрэлтэй ихтэй, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэл олноор оролцож буй нь түгжрэл үүсгэж буй нэг шалтгаан болж буйг мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар ирсэн.

Улаанбаатар хотын гол зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр өдөрт 50-70 мянган тээврийн хэрэгсэл зорчиж буйгаас баруун дөрвөн замын уулзвар, Саппорогийн уулзвар орчмын замын хөдөлгөөний ачаалал хэт өндөр буюу 70 орчим мянган тээврийн хэрэгсэл байгаа аж. Нарны зам болон Бага тойруу орчимд өдөрт 60 орчим мянган тээврийн хэрэгсэл зорчдог бол Их тойруугийн хавиар мөн 60 орчим мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог байна.

Хотын босоо тэнхлэгийн дагуу Яармаг орчмын замын хөдөлгөөний ачаалал өдөрт 65 орчим мянга, Нарны гүүр, Энхтайваны гүүрээр 60 орчим мянган тээврийн хэрэгсэл зорчдогоос ачаалал өндөр байдаг ажээ.

Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтээс мэдээлснээр, Улаанбаатар хотод голлох уулзварын ойролцоо томоохон худалдааны төв их байдаг бөгөөд тухайн худалдааны төвийн зогсоол руу орох, гарах урсгал, зогсоол хүлээж дараалал үүсгэж зогссоны улмаас тухайн эгнээг эзэлж түгжрэх, тойрог замын хөдөлгөөн ихсэж, түгжрэл үүсэх шалтгаан болдог. Замын хөдөлгөөний хяналт, худалдааны төв байгуулах төлөвлөлтийг уялдуулах тал дээр шинэчлэл хийх шаардлагатай аж.

ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТОГТСОН “ХАНШ” 420 ТЭРБУМ ТӨГРӨГ

Үе үеийн засгийн газар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал санаачлага гаргаж, олон тэрбум төсөвлөдөг ч өнөөдөр нийслэлийн иргэд ажил, амьдралынхаа багагүй цаг хугацааг замын түгжрэлд өнгөрүүлсэн хэвээр байна.

Нийслэлийн хэмжээнд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгаа хийгдсэн байдаг ажээ. “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөр гэж бий. Энэ хөтөлбөр түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх Хот байгуулалтын талаарх бодлого, Авто замын талаарх бодлого, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийг мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн гурван үндсэн зорилго агуулж байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээлсэн.

Нийслэлийн төвлөрлийг сааруулж, хаяа дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх, оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх, тусгай замын автобус зорчуулдаг болгох, дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах, түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг олон санал гардаг. Гэвч түгжрэл буурдаггүй нь төсөвлөсөн мөнгийг нь “идэж уудаг”, сэтгэлгүй хүмүүстэй холбоотой гэж шүүмжлэх иргэн олон.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2022.05.25)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд 75 төсөл, арга хэмжээ тусгагдсан байгаагаас санхүүжүүлэх шаардлагатай 64 төсөл, арга хэмжээний санхүүжилтэд нийт 15,137.0 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Нийт санхүүжилтийн 66.7 хувийг эдийн засгийн бодлогод, 20.3 хувийг нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогод, 6.3 хувийг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах ногоон хөгжлийн бодлогод, 6.2 хувийг хүний хөгжлийн бодлогод тусгагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд мөн л Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудлыг тусгасан байна. Тодруулбал, 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 420.0 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэжээ.

БАГА ТОЙРУУГИЙН ГУДАМЖИНД 2300 АВТОМАШИНЫ ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ БАРИНА

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өмнө нь Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гарсныг тэмдэглэж байв. Тэрбээр Автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийн ажлын задаргааг танилцуулсан. Үүнд:

  • Автозамын сүлжээ дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзлэх аж.
  • Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 13 хувийг эзлэх нь.
  • Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөжээ. Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь нийт төсвийн нэг хувийг эзлэх юм байна.
  • Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгооро 30 байршилд автозамын инженерчлэлийн ажилд 30 тэрбум төгрөг буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулна.
  • Ухаалаг тээврийн систем нэвтрүүлнэ. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдоно. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг буюу нийт төсвийн гурван хувийг зарцуулна.
  • Орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийнэ. Өнөөдрийн байдлаар, нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ажлыг 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
  • Гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ. Үүнд эхний ээлжинд тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг мөн 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж