Ойн газар нөхөрлөлийн тусгай зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

LiveОйн газар нөхөрлөлийн тусгай зөвшөөрөл олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.05.26/ 10.00 цагт эхэллээ.


 

17 : 40
2022-5-26

"Шинээр байгуулах Ойн газар нөхөрлөлийн тусгай зөвшөөрлийг олгоно"

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Янз бүрийн газраас мод тарьж болохгүй гэдэг заалт нь зөв. Тиймээс гарал үүслийн асуудал яригдана шүү дээ. Ойн тухай асуудал чухал. Ойн сангаа есөн хувь болгоно гэж байгаа. Энэ бол маш их хөдөлмөр. Ойн нөхөрлөлийн асуудал ямар түвшинд байна вэ?

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Суулгацтай холбоотойгоор амьд организмыг хилээр оруулж ирэхийг хориглосон байдаг. Аль болохоор улс орныхоо уур амьсгалд тохирсон суулгацыг Монголдоо тарих нөхөрлөлүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгасан. Дэмжлэг, урамшууллыг улсын төсөвт суулгаж өгнө. Шинээр байгуулах Ойн газар нөхөрлөлийн тусгай зөвшөөрлийг олгохоор тусгасан. Хуучин салбарын яам өгдөг байсан бол одоо бие даасан агентлаг өгдөг болно.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Хуулийн төсөл Ойн агентлаг байгуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан юм.Бидний зүгээс томилгоог тодорхой болгоё гэж санал хэлсэн. Мөн ажлын хэсэг зарим нэр томъёог буруу хэрэглэсэн байна. Бид санхүүжүүлэх, урамшуулах гэдгийг тодорхой болгох зарчмын зөрүүтэй саналыг хэлсэн. Хэн журмыг нь гаргаж, батлах юм бэ. Эхний нэр томъёо арай өөр болсон байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Канадын ногоон зүлэг Монголд маш сайн нутагшиж байгаа шүү. Монголын ойн нөөц Германы ойн нөөцийн 50 хувьтай тэнцдэг. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Ойн ангийн даргыг чөлөөтэй ажлаа хийх боломжийг хангах ёстой. Төрийн захиргааны байгууллага болгохоор тендерт оролцох боломжгүй болно. Цаашид ойн ангийг мэргэжлийн аж ахуйн үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй. Мэргэжлийн салбарыг төрийн захиргааны байгууллага болгож болохгүй. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Модыг сэтгэл байж ургуулна. Тэрнээс төлбөрийн хэрэгсэл, бизнес талаас хийвэл ойжуулах ажил нурах вий. Хоёрдугаарт, говьд мод ургахгүй гэх юм. Гэтэл хил залгаа Эрээн, Мандал, Бугат орчмоор ойжуулалт маш сайн хийсэн. Тэнд импортоор ижил төстэй мод оруулж ирж ойжуулах ажлыг хийхгүй юм уу. Энийг хуульд тусгаж, шар шороон шуурганаас хамгаалах боломжийг хуульд оруулбал ямар вэ. Өмнөговьд мод ургуулчихсан нэг өвгөн байдаг шүү дээ. Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс анхаараарай. 

 

13 : 35
2022-5-26

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлав

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав. УИХ-ын гишүүдийн 55.8 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав.

11 : 27
2022-5-26

"Монголбанк инфляцийг 8 хувьд барихыг нь харъя"

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Танилцуулгыг УИХын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дөрвөн удаа өөрчлөгджээ. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг нь УИХ дагах ёсгүй. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувийн өсөлттэй гэсэн үзүүлэлттэй байна. Монголын эдийн засаг сүүлийн хоёр жил агшчээ. Энэ оны эхний улирлын эдийн засгийн дүн -3.8 хувьтай гарчээ. Инфляци 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж буй Шри-Ланка улсын дараа орох үзүүлэлт. Манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар давсан. Энэ нь Шри-Ланкаас дөрөв дахин их үзүүлэлт юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Ц.Туваан гишүүний асуултад хариулъя. Төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн тодотгол хийх үеэр дэлгэрэнгүй ярилцсан. Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин хөлс нэмнэ гэсэн. Яг чухам хэдэн хувиар яаж нэмэх вэ гэдгээ 2023 оны төсвөөр давхар оруулж ирнэ. Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгосон. Үүнтэй уялдуулж өөрчлөлт орно. Тэтгэврийн хувьд энэ оны цагаан сарын өмнөхөн нэмсэн байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж байна. Тэр хуулийг хэлэлцээд, яригдах болов уу. Төсвийн хүрээний мэдэгдэлд  тодорхой дурдагдаагүй. Инфляцийг найман хувьд барих талаар ярьж буй. Төсвийн байнгын хороонд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Дэлхий нийтээрээ энэ инфляцийн өсөлт  дор хаяж гурван жил үргэлжилнэ. Тиймээс Монголбанк инфляцийг найман хувьд барих зорилт тавьж байгаа гэсэн боловч бодит байдалтай нийцэхгүй байгаа. Нэгэнт байгууллагууд нь найман хувьд барина  гэж байгаа бол биелүүлж чадах эсэхийг нь харъя. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Иргэний илгээсэн асуултыг асууя. Нийт 33 тэрбум ам.долларын өрийн өдрийн хүү хэд вэ. Бидэнд гарц байгаа болов уу. Засгийн газрын өрөнд хоногт төлж буй хүү хэд вэ. Буцалтгүй тусламж авах тал дээр яаж ажиллах вэ. Ажилгүйдлийнхээ хувь хэмжээ ямар байна вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Улсын гадаад өрийн хэмжээ бол 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлчээр дүгнэсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт нийтдээ 905 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг 365 хоног хуваахаар хоногийн 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын зэргийг хэвээр буюу B3 /тогтвортой/ гэж дүгнэсэн. Засгийн газрын хувьд өрийн менежментийг оновчтой хийж байна гэсэн үг. Одоогоор деполт болоогүй байна. 

Ажлын хэсгээс асуултад хариулахдаа "Буцалтгүй тусламжийг 2022 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж байгаа. Дотроо зээл дагаж орж ирдэг хэлбэр бий. Өөрөөр хэлбэл, гадаад зээлийн хөнгөлтийн түвшинг бууруулж, Засгийн газрын зүгээс нийгмийн шинж чанартай хөнгөлөлттэй зээл авч ашиглахыг зорьдог" гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Сум тэр дундаа багийн дарга нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бий юу?

УИХ-ын дарга Ч.Хүрэлбаатар:

-Ерөнхий сайд төсвийн тодотголтой холбоотойгоор үг хэлэхдээ төрийн албан хаагчдын цалингийн системд анхаарч байгаа. Эргэж харах зүйлс олон байна гэдгийг хэлсэн. Засгийн газар 2023 оны төсвийг өргөн мэдүүлэхдээ энэ асуудлыг цэгцлээд оруулж ирэх байх. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ажиллаж байгаа. Монгол Улсын өр 2016 онд 25 тэрбум ам.доллар байсан. Одоо 33 тэрбум ам.доллар. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил явж байлаа. Хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авч, үйл ажиллагаа явуулж байгааг буруутгах аргагүй. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар 2023 онд ард түмний амьдралд өөрчлөлт гарахгүй юм байна. Ингэж гутранги төлөвлөж болох уу. Орж ирж буй боломжуудыг дандаа буруугаар ашиглаж ирлээ. Өр ярихаар Засгийн газрын 8.5 тэрбумын өр яриад бусад нь бидэнд хамаагүй гээд сууж байдаг. Нийт өрийн менежментийг яаж хийх вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд баталсан. Үүний биелэлт тэг байгаа шүү. 

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-2023 оны хувьд төсвийн бодлого талдаа тавьсан том зорилго бол далд эдийн засгийг бууруулахтай холбоотой багц арга хэмжээг авахаар тооцоолж байна. Сүүлийн дөрвөн жил тооцоолсноор ашигт малтмалын бүтээгдэхүүнээс татварыг бүрэн авах ажлыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтыг боловсронгуй болгоход шинэчлэл хийнэ. Мөн хөрөнгийн бүртгэл, үнэлгээтэй холбоотой багц хуулийг оруулж ирнэ. Эхнээсээ Газрын төлбөрийн тухай хуулийн өөрчлөлт өргөн барихад бэлэн болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Том толгойтой агентлагийн дарга нартай яаж хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмээ баталсан. Өмнөх жилүүдэд гишүүд хуралдаа ирдэггүй, тасалдаг, хоцордог байсан бол энэ асуудал цэгцэрсэн. Хоцрогдол нэг цаг байдаг байсан бол долоон минут болсон. Энэ бол багагүй амжилт. Гэхдээ УИХ-д дархлагдсан хэсэг нөхөд бий. Би хуульд заасны дагуу мэдээлэл хийж, намын бүлгийн дарга нарт албан бичиг хүргүүлнэ. 

Хуулийн төслийг батлах тухай эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

11 : 00
2022-5-26

"Тэтгэврийг 5 жилийн дунджаар тогтоох хуулийг хэлэлцэхийг шаардаж байна"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хаврын чуулган эхлээд хэд хэдэн хуралдаан болоогүй. Хийх ажил багатай байна гэсэн үг. Дээрээс нь Нийгмийн бодлогын байнгын хороо нь бараг хууль хэлэлцэхгүй, энд тэнд сонсгол сонсоод өнгөрч байна. Ирэх зургадугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж магадгүй. Бүх хууль хэлэлцэх асуудал хойшилно. Тийм учраас нэг зүйлд маш их санаа зовж байна. Өөрөөр хэлбэл, бидний өргөн барьсан Тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслийг хэлэлцэж өгөхийг шаардаж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга энэ талаар огт ажил хийхгүй байна. Хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Ажлын хэсгийн хуралдааныг хуралдуулах боломжийг УИХ-ын дарга олгооч ээ. Өнгөрсөн онуудад нийтдээ тав орчим тэрбум төгрөг л гардаг. Хэрэгтэй, хэрэггүй хөшөө барихаараа өчнөөн тэрбумыг зарцуулдаг. Гэтэл энэ мөнгийг ахмадуудаасаа харамлаж болохгүй.

Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн албан бичигт "Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг татан авч байгааг үүгээр мэдэгдэж байна. Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 11-ний хуралдааны тэмдэглэлийг хавсаргав" гэжээ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийг татан авчээ. 

Үргэлжлүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Засгийн газраас 2022 онд өргөн барьсан энэ хуулийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдэх үед МАН-ын бүлэг саналаа нэгтгэх зорилгоор завсарлага авсан. Энэ асуудлаар бүлэг хуралдаж, хуулийн төслийг дэмжинэ. Гэхдээ ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тийм учраас завсарлагын хугацаа дуусч, бүлэг хуралдаж шийдвэр гаргасан тул энэ хуулийн төслийг дэмжиж, чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхийг хүсч байна. Төгсгөлийн санал хураалтын үеэр техникийн саатал гарсан. Тиймээс сүүлийн санал хураалтыг хүчингүй болгох горимын санал гаргаж байна.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт шилжүүлэв.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэ тогтоолын төслийг дөрөвдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцэх үед МАН-ын бүлэг хуралдаж, саналаа нэгтгэх шаардлагатай байсан учраас тухайн үед завсарлага авсан. Бүлэг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Завсарлагын хугацаа дуусч, чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхийг хүсч байна. 

Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

10 : 31
2022-5-26

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.05.26/ нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж