Орчин цагийн кино урлагийн түүхэнд шинэ өнгө төрхийг гаргаж ирсэн бүтээл бол "Тэгри чину" олон ангит кино. Бүрэн хэмжээний 10 ангит киноны улаан хивсний ёслол өчигдөр /2022.05.25/ "Сorporate" зочид буудалд болов.
Уг киноны эх зохиолыг Тодко Самсон буюу Т.Мягмартогтох бичсэн бөгөөд 28 гол дүртэй бүтээл гэдгээрээ онцлог. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Гүрсэд, Д.Цэрэндарьзав, Ё.Цог, Ш.Доржсүрэн, Г.Эрдэнэбилэг, С.Ариунбямба, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Г.Тэнүүн-Эрдэнэ, Э.Ариунболд, Б.Баяржавхлан, А.Дэлгэрмаа, З.Аминсанаа зэрэг оролцон тоглож, гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.
Киноны нээлтэд Монголын урлаг соёлын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирэв. "Тэгри чину" уран сайхны киноны багт 500 гаруй уран бүтээлч хамтран ажиллажээ.
"Тэгри чину" киноны тахилч дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин П.Цэрэндарьзав:
-Миний бүтээсэн дүр бол их сонирхолтой дүр. Дүр бүтээхэд хамгийн тус болсон зүйл бол нүүр будалтын баг хамт олон байлаа. Өмнөх хийж байгаагүй шийдэл байсан. "Тэгри чину" кино бол өмнө хийж байгаагүй киноны төрөл гэж бодож байна. Эртний овог аймгийн Хүннүгээс хойш Атилла хааны үеийн овог аймгуудын хоорондын тэмцэл, тэр үеийн эд хэрэгсэл маш сонирхолтойгоор гаргаж өгсөн. Энэ киног бүтээсэн, намайг урьж оролцуулсанд баг хамт олонд талархсанаа илэрхийлж, хойч үеэрээ үнэхээр бахархаж байна.
Ерөнхий найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг "Кино бол нийлмэл урлаг. Сэтгэлтэй зүрхтэй, зоригтой Монголын кино урлагийн гурван үеийн төлөөллөөр баг хамт олноо бүрдүүлж "Тэгри чину" киногоо бүтээлээ. "Тэгри чину" кино нь миний анхны олон ангит кино. Миний мөрөөдөл Монголын олон ангит киног дэлхийн тавцан руу гаргах" гэдгийг онцолсон юм.
"Тэгри чину" киноны Хадаан овгийн Их Сэвгээгийн дүрд тоглосон Ардын жүжигчин Д.Гүрсэд:
-Манай кино өмнө хийж байгаагүй өөр төрлийн туульс хэлбэрт кино гэдгээрээ онцлог. 2020 оны наймдугаар сараас зураг авалт хийж өнөөдөр нээлтээ хийж байна. Монголын кино урлаг үнэхээр шинэ түвшинд хүрсэн гэдгийг "Тэгри чину" кино харуулна гэж бодож байна. Уран бүтээлч хүний хувьд энэ том хамт олонд орж кино урлагийн шинэ түүхийг бүтээлцэж байгаадаа үнэхээр сайхан байгаагаа илэрхийллээ.
"Тэгри чину" киноны Хавтайн дүрд тоглосон залуу жүжигчин Г. Тэнүүн-эрдэнэ:
-"Тэгри чину" киноны Хавтайн дүр бол миний тоглосон 11 дэх киноны дүр. Сэтгэгдэл мэдээж маш сайхан байна. Урьд өмнө бүтээсэн дүрүүдээс тэс өөр дүр байсан. Киноны баг хамт олон үнэхээр чанарын өндөр түвшинд ажилласан болохоор маш чанартай уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.
Б.ЭНХСАНАА
Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ