Сурвалжлага: Аварга бөх болох хүсэлтэй бяцхан өв тээгчид

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Аварга бөх болох хүсэлтэй бяцхан өв тээгчид

Сурвалжлага: Аварга бөх болох хүсэлтэй бяцхан өв тээгчид

“Би том болоод бөх болно” гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн бяцхан хүчтнүүд өчигдөр /2022.05.25/ Бөхийн өргөөг дүүргэж, эр бяр, уран мэхийг уралдуулав. Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын тонж манлай засуул Д.Цогзол агсны нэрэмжит өсвөрийн барилдааныг нийслэл болон хөдөө орон нутгаас хүүхэд багачууд зорин ирж, зодоглолоо.

Нас насны барилдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой басхүү гунигийн нулимстай. Бас ийм жаахан хүүхдээс яаж тийм уран мэх, хүч бяр гардаг байна гэж гайхширмаараа. Барилдаан алгасдаггүй барилддаг хүүхдүүд бие биетэйгээ хэдийнэ танилцаж, дотно нөхөрлөжээ.

Д.Цогзол агсны нэрэмжит барилдаан зургаан наснаас 15 нас хүртэлх нийт таван насны ангиллаар явагдсан. Биднийг очиход 8-9 насны барилдаан эхэлж байсан бөгөөд нийт 20 бөх бүртгүүлжээ. Дэвжээн дээрх бяцхан бөхчүүдийн ширүүн өрсөлдөөн, ялах төлөөх тэмцэлийг болон үзэгчдийн суудал дээрх эцэг эхчүүд, багш нарын харагдах байдал, үйл хөдлөл нь хайр хүргэм. Тэд хүүхэдтэйгээ хамт "давж", хамт "унах" аж.

Аавууд нь өргөөний эзэнгүй булан тохойд хүүдээ багшилж, элдэв мэх заах бол ээжүүд нь цай ундыг нь дөхүүлж, урмын үг хэлнэ. Барилдаан эхлээд удаагүй байхад өмнөх барилдаануудад тун амжилттай барилдаж, медаль хүртэж байсан нэгэн “том” бөх унаад өгөв. Шар нь хөдөлж, өөртөө уурлаж байгаа бололтой уйлахгүй байхыг хичээж байгаа нь харагдавч том том нулимс нүднээс дуслана. Ээж нь ч “За яах вэ, миний хүү. Нэг унаа л биз. Нэг хүүхэд долоо барилдана. Үлдсэн зургаан барилдаандаа давчих. Тэгвэл медаль хүртэнэ ш дээ. Чи өөрөө жаахан анхааралтай барилд л даа” гэж хүүгээ тайвшруулав.

Барилдааны үеэр А.Ананд хүүтэй ярилцав. Увс аймгийн Улаангом сумын харьяат тэрбээр 84 дүгээр сургуулийн сурагч. Үндэсний бөхөөр хичээллээд таван жил болж буй А.Ананд "том" цолтой бөхчүүдийн харж барилдах сонирхолтой болсноос гадна “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд 21 удаа, улсын аваргад хоёр удаа тус тус түрүүлжээ. Түүнийг хүүхдийн барилдааны аварга гэж хэлж болохоор.

Тэрбээр  “Бөх барилдах нь хүүхдүүдийг хүмүүжүүлдэг. Миний гол хийдэг мэх одоохондоо хавираа байгаа. Анх барилдаж эхлэхдээ голцуу тахимдаа, хонгодоо хийж байсан. Одоо барилдаж бүх бөхчүүдийг л хардаг. Гэхдээ тэдний хийж байгаа мэхийг гол нь сонирхдог. Багш барилдааны өмнө “Хараатай барилдаарай. Анхааралтай барилдаарай” гэдэг. Би алдартай бөх  болно” гэв.

Харин Б.Адъяасүрэн нийслэлийн бөх. Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 6Ж ангийн сурагч бөгөөд үндэсний бөхөөр хичээллээд дөрвөн жил болсон агаад “Хуйрнан шуугигч”-аас 12 медаль, түмэн адууны баяраар мөнгөн медаль, Баруунтуруун сумын 60 жилийн ойгоор алтан медаль тус тус хүртсэн гэнэ. Тэрбээр “Бага зэрэг догдолж байна. Барилдаан аймар өрсөлдөөнтэй болох байх. Би О.Хангай харцага, Н.Батсуурь аваргыг дэмждэг. Хоёулаа уран, тэсрэлттэй барилддаг” хэмээн хариуллаа.

Харин хүүхдийн баяраар ямар бэлэг авахыг хүсч байгааг нь сонирхвол “Цэнхэр л кимоно авмаар байна” гэв.

Г.Энхтамир хүүхдийн баярыг зөндөө удаан хүлээж байгаагаа нуусангүй. Нийслийн ерөнхий боловсролын 36 дугаар сургуулийн сурагч түүний хувьд улсын аваргад гурван удаа түрүүлж, "Хуйрнан шуугигч" хүүхдийн барилдаанаас арван медаль хүртэж байжээ. Г.Энхтамир сонирхлоороо таван жил хичээллэж байгаа аж.  Тэрбээр бөхийн удамтай бөгөөд өрсөлдөгч нартаа хандаж, сайн барилдахыг захив.

Үндэсний бөхөөрөө хичээллэж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй бяцхан бөхчүүдийг харахад бахархмаар. Үг яриа, биеэ авч яваа байдал хэрэндээ л бөх шиг. Гэхдээ хүүхдийн дүрсгүй, сахилгагүй зан, хөдөлгөөн нь хаа холдох вэ дээ.

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж