Авьяасаар гагнагдсан шадар гурвыг эргэн дурслаа

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Авьяасаар гагнагдсан шадар гурвыг эргэн дурслаа

Авьяасаар гагнагдсан шадар гурвыг эргэн дурслаа

Тусгайлан зассан үзэсгэлэнгийн хойморт "Репиний академийн шадар 3"-ын хөрөг зургийг, зургийн хэрэгсэлтэй нь хамт байрлуулжээ. Тэднийг хүндэтгэн дурсахаар Хөгжим бүжгийн ангийнхан болон ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит академид хамт суралцаж байсан найз, нөхөд нь цугларчээ. Үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс "Ойрд ийм сайхан үзэсгэлэн үзсэнгүй" хэмээн ам уралдан сэтгэгдлээ хуваалцаж, мэнд мэдэлцэх аж.

Францын алдарт зохиолч Александр Дюмагийн "Шадар гурван цэрэг" романыг санагдуулам "Репиний академийн шадар 3" нэртэй нэгэн сонирхол татам үзэсгэлэн өчигдөр /2022.05.25/ "Монгол арт" галерейд нээлтээ хийсэн нь энэ. Шадар гурвын нэг "Зураач Б.Пүрэвсүх агсаны уран бүтээлийн үзэсгэлэнгээс эртний морьдын хөлс, тоос үнэртэн, эрэлхэг баатруудын дөрөө, илдний дуу сонсдох авай" хэмээн Төрийн шагналт, зохиолч С.Дашдооров одоогоос 20 жилийн өмнө "Талын баатрууд" үзэсгэлэнгийнх нь талаар сэтгэгдлээ хуваалцаж байжээ.

"НЭРТ ГУРВАН ЗУРААЧ МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ШИНЭ САЛХИ СЭВЭЛЗҮҮЛЖ ЧАДСАН"

“Репиний академийн шадар 3” буюу Монголын дүрслэх урлагт тэр дундаа уран зургийн хөгжилд тод томруунаар мөрөө үлдээсэн нэрт зураачид Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн нэрэмжит шагналт Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж нар юм.

Урлаг судлаач О.Сосор

Урлаг судлаач О.Сосор “Үзэсгэлэнд дэлгэсэн уран зургууд манай нэрт гурван зураачийн уран бүтээлийн өчүүхэн хэсэг нь. Шадар гурван уран бүтээлчид маань 1977 онд ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зураг, уран баримал, уран барилгын академийг төгсч, эх орондоо ирсэн. Тэд 1980 оны эхэн гэхэд аль хэдийнэ алдартай зураач болчихсон байсан. Жишээлбэл, нэрт зураач С.Элбэгдорж гэхэд Ц.Дамдинсүрэнгийн хөргөөрөө, Ё.Өлзийхутаг бол “Талын эзэд” гээд адуучин залуусын тухай бүтээлээрээ, Б.Пүрэвсүхийн хувьд Ардын хувьсгалын сэдэвтэй түүхэн зургуудаараа алдартай болсон байсан. Эдгээр уран бүтээлчид Монголын дүрслэх урлагт шинэ салхи сэвэлзүүлж, бүрэн утгаараа маш том хувь нэмэр оруулсан. Тэд гайхамшигтай уран бүтээлээ хийхээс гадна гарын шавь нараа бэлтгэж, багшилж байсан уран бүтээлчид юм” гэдгийг онцлон хэлж байв.

Үзэсгэлэнд гэр бүлд хадгалагдаж буй уран зургууд болон судалбар таталбар, гар бичмэлүүд анх удаа дэлгэснээрээ онцлог.

 "ААВЫГ Л “МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН” КИНОНЫ ЗУРААЧААР АЖИЛЛАЖ ЧАДНА ГЭЖ САНАЛ ТАВЬСАН ГЭДЭГ"

1971-1977 оны хооронд Репиний уран зургийн академиг анх Монголын долоон оюутан суралцаж төгсч байсан. Тэд энэхүү академид анхнаасаа хамт суралцан, ажиллаж байсан салшгүй гурван найз зураачийг онцолж уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар болсон байна. Тэднээс хойш Монголын 70 гаруй уран бүтээлч тус академид суралцаж, төгссөн аж.

Зураач Б.Пүрэвсүх агсны том охин Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгаль:

-Өнөө цаг үед үнэ цэнэтэй, том хэмжээний тусгай үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнд дэлгэсэн уран бүтээлүүд нь гурван нэртэй зураачийн ид хийж бүтээж явсан үеийн зургууд гэдгээрээ онцлог. Тэд өдрийн од шиг богино хугацаанд гайхалтай бүтээлийг туурвисан зураачид байсан.

Аав минь их даруу хүн байсан. Голчлон түүхэн сэдвээр уран бүтээлээ туурвидаг зураач байсан. Энэ бол маш хүнд сэдэв. Түүхэн цаг үеийн судалгаа хийж, цаг хугацаа их шаарддаг учраас тэр болгон зураач түүхэн сэдвээр зураад байдаггүй. Аав академиа төгсч ирээд Дүрслэх урлагийн дунд сургуульд багшилж байхад нь “Мандухай цэцэн хатан” киноны зураачаар ажиллах саналыг хүлээж авсан гэдэг. Тухайн үед энэ кинонд ааваас өөр зураач тэнцэхгүй гэж ярьж байсан гэдэг. Түүний дараа “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд ажилласан юм.

"ХАНЬ МИНЬ БАЙГАЛИЙН ЗУРАГ ЗУРАХДАА ХҮРТЭЛ ЭНХРИЙЛЖ ХАЙРЛАЖ ЗУРСАН НЬ МЭДРЭГДДЭГ"

С.Элбэгдорж агсны гэргий хэл бичгийн ухааны доктор Ц.Саранцацрал:

-Би энэ цаг мөчид ханийнхаа “Ард аюуш” гэдэг бүтээлийг онцлоё. Энэ бүтээлийг хань минь дөнгөж 29 насандаа зурсан, их том хэмжээний бүтээл юм. Улс эх орны тусгаар тогтнолын үнэ цэнэ ямар их үнээр олддог вэ гэдгийг энэ бүтээлээс харж болно. Байгаль дэлхий хэдий налгар дулаан ч хүмүүсийн сэтгэл тавгүй байгааг тэдгээрийн байр байдал, царайны төрх өгүүлж буй. Ханийн минь энэ бүтээл хувь хүний архивт хадгалагдаж байгаа. Зураачийн зан характер уран бүтээлээр дамжин илэрхийлэгдэж байдаг шүү дээ. Хань минь өөрөө их цагаан цайлган хүн байсан. Тийм учраас байгалийн зураг зурахдаа хүртэл энхрийлж хайрлаж зурсан нь мэдрэгддэг.

Нэрт зураач Ё.Өлзийхутагийн охин Ө.Солонго:

-Аав маань эгэл даруу, хөдөлмөрч, их ухаалаг, гоц авьяастай хүн байсан. Уран бүтээлийн хувьд голчлон байгалийн болон хөрөг зураг зурдаг байлаа. Миний хувьд аавынхаа 1973 онд зурсан "Замд" гэдэг зураг маш сайхан дурсамжаар аялуулж байна. Тухайн үед би тав зургаахан настай, жаахан охин байсан санагддаг юм. Аав байрныхаа тагтан дээр зургаа зураад л, ээж гал тогоондоо хоолоо хийж, хүүхдүүд нь тоглоод л тэр дүр зураг сэтгэлд тод үлджээ. Энэ бүтээлийг үзэсгэлэнд дэлгэнэ гэж бодсонгүй, хараад маш сайхан санагдаж сууна. Одоо үр хүүхдүүд нь аавынхаа зам мөрийг үргэлжлүүлэн урлагийн чиглэлээр ажилладаг. Миний хувьд хувцас дизайны чиглэлээр суралцаж төгссөн бол миний ах Ө.Цолмон уран барималч, бага дүү маань гадаадад ажиллаж амьдардаг юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж