1.6 их наядын алдагдалтай аялал жуулчлалын салбарыг БНСУ, Япончууд сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

1.6 их наядын алдагдалтай аялал жуулчлалын салбарыг БНСУ, Япончууд сэргээнэ

1.6 их наядын алдагдалтай аялал жуулчлалын салбарыг БНСУ, Япончууд сэргээнэ

Байгаль, орчин аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжил, сэргэлтийн салбарт энэ жил Монгол Улс онцгой анхаарал хандуулж буй. Учир нь өнгөрсөн хоёр жилийн статистик үзүүлэлтээс харвал уналттай төдийгүй өндөр алдагдалтай хэсэгт аялал жуулчлалын салбар багтжээ. Тодруулбал, 2019 онд Монголд 570.262 жуулчин хүлээж авч 607 сая ам.долларын ашиг олсон бол 2021 онд 38 мянган жуулчин ирж, 24,2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ үзүүлэлт бол цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94  хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн үг.

Тиймээс салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэл гаргасан. Тэрбээр, сүүлийн хоёр сарын хугацаанд аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг хийж салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухайг хамтдаа хэлэлцэн таван асуудлыг гаргаж ирсэн. Тус асуудлуудыг Засгийн газрын гишүүдтэй санал солилцож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжсэнээр аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч ирлээ гэсэн юм.

Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн таван  шийдвэрт дараах зүйлс багтжээ. Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.

Энэ жилийн хувьд Монгол Улс 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөжээ.

БНСУ, ЯПОН УЛСААС ХАМГИЙН ОЛОН ЖУУЛЧИН ИРНЭ

2022 онд аялал жуулчлалын салбарыг сэргээх нь эдийн засагт хэд хэдэн чухал нөлөөтэй. Урьдчилсан судалгааны дүнгээс харвал 20-27 сая жуулчин гадаадын улс орон руу зорчдог Япон болон Өмнөд Солонгостой хамтран ажиллах төлөвлөгөөг салбар яамнаас гаргажээ. Энэ хүрээнд ирэх зургадугаар сарын 1-нээс Өмнөд Солонгосын иргэдийг жуулчлалаар визгүй зорчуулах боломжоор хангаж өгч буй аж.

Цаашид бусад орны жуулчдыг татахад тодорхой төлөвлөгөөний дагуу шат дараатай зохицуулалт хийх юм байна. Аялал жуулчлалын салбар сэргэх нь нэг талаар эдийн засаг нөгөө талаар ажиллах хүний нөөцөд таатай мэдээ. Учир нь 2021 онд тус салбарт ажиллагсдын тоо 63 хувиар буурсан. Мэдээж цар тахлын хязгаарлалтын арга хэмжээнүүд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд нөлөөлсөн нь тодорхой. Тиймээс цаашид бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах гарц шийдэл, аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулахад зайлшгүй хэрэгтэй.

"Tourism forum Mongolia-2021" арга хэмжээний үеэр аяллын салбарт гурван  зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэйг онцолсон.

Монголын аялал жуулчлалын холбоо болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт нэгдүгээрт, гадаад сурталчилгааг буюу жуулчдын эрэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрэлт нэмэгдсэнээр гадаад жуулчдыг авчрах тээврийн бодлогыг сайжруулах буюу агаарын болон төмөр зам. Гуравдугаарт, жуулчдыг Монголд ирсэн хойно нь хэрхэн тав тухтай, аюулгүй аялуулах талаар хөтөлбөр боловсруулах.

Цаашлаад дотоодын аялал болон хүний нөөцийн асуудлыг шийдэх үндэсний томоохон цогц хөтөлбөр боловсруулж, танилцуулах нь зүйтэй гэсэн юм. Хэрэв агаарын тээврийн үйлчилгээнд ямар нэгэн хориг үүсэхгүй бол энэ онд хүлээн авах жуулчдын тоо 150 мянга бус 300 мянгад хүрэх боломжтой аж. Мөн дотоодын аялал хурдацтай сэргэвэл салбарын орлого алдагдлаа нөхөх боломжтой гэж тооцоолж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж