Батлан хамгаалахын бат харилцаатай Япон ба Австрали

Хуучирсан мэдээ: 2022.05.26-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын бат харилцаатай Япон ба Австрали

Батлан хамгаалахын бат харилцаатай Япон ба Австрали

Австрали, Японы харилцаа дэлхийн хоёрдугаар дайнаас 12 жилийн дараа буюу 1957 оноос эхлэлтэй. Тэд 1957 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Австрали нь Ази тивд урагш ахих боломжтой болсон. Үндсэндээ япончууд Австралид Ази-Номхон далайн бүс нутагт оролцоотой байх боломжийг олгосон гэхэд болно. Магадгүй тухайн үед Австралийн хамгийн сайн найз Япон байжээ.

1957 онд хоёр улс худалдааны гэрээ байгуулахад Японы ерөнхий сайдаар Нобүсүкэ Киши ажиллаж байсан. Түүхийн санамсаргүй тохиолоор түүний ач хүү Шинзо Абэ мөн л хоёр орны харилцаанд шинэ дэвшил авчирч чадсан юм.

Шинзо Абэгийн үед Австрали, Японы хооронд чөлөөт худалдааны хамгийн дэвшилтэт хэлбэр болох эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулжээ.


Тэгвэл өдгөө хоёр орны харилцаа дахин нэг шатаар ахиж байна. Австралийн шинэ ерөнхий сайд Энтони Албанез Мягмар гаригт Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзлаа. Хоёр орны удирдагчид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятад хүчээ авч буйтай холбогдуулан батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцов.
Австралийн ерөнхий сайд Даваа гаригт тангараг өргөснөөсөө хойш ийнхүү анхны дипломат уулзалтаа хийжээ. Австралид есөн жилийн дараа анх удаа засгийн газар солигдох боломжтой болж, Энтони Албанез ерөнхий сайд болсон билээ. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Дөрвөл” буюу АНУ, Япон, Энэтхэгийн түншүүдтэйгээ Токио хотноо дээд хэмжээний уулзалт хийхээр ирсэн нь энэ юм.

ХЯТАДЫН НӨЛӨӨЛЛИЙН ЭСРЭГ НЭГДЭХ НЬ

Сүүлийн жилүүдэд Хятад улс цэргийн хүчээ зузаатгаснаар Япон, Австрали хоёр ойр дотно харилцаатай болсон. Өмнөх ерөнхий сайд Скотт Моррисоны удирдлаган дор хоёр улс өнгөрсөн нэгдүгээр сард харилцан нэвтрэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд хамтарсан цэргийн сургуулилалт хийх, тусламжийн ажиллагаанд зориулж хоёр талдаа цэрэг байршуулах зэрэг багтана. Скотт Моррисон нь Бээжингийн эсрэг хатуу байр суурь баримталдаг байсан. Тиймдээ ч түүний үед Австрали нь худалдааны гол түнш болох Хятадтай харилцаа мууджээ.

Тэд Хятадын нөлөөллөөс гадна Оросын түрэмгийллийн талаар байр сууриа хуваалцсан байна.

Ингэхдээ Оросын түрэмгийллийг хатуу зэмлэн буруушааж, энэ нөхцөл байдал Энэтхэг-Номхон далайн бүс нутагт давтагдахгүй байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдлээ.


Хятад улс Соломоны арлуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Номхон далайн арлын орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудал мөн яригдаж байжээ. Энэ тохиолдолд тус орнуудад Хятадын цэрэг байршина гэсэн үг юм. Тиймээс Австрали, Японы удирдагчид дээрх гэрээнд санаа зовж буйгаа мөн хуваалцжээ.

Бүс нутгийн аюулгүй байдал улам ширүүсэхийн хэрээр стратегийн тусгай түншлэлээ үргэлжлүүлэх шаардлага улам бүр урган гарч ирж буйг Кишида онцолсон байна. Түүнчлэн, үзэл бодол нэгтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг бий болгох шаардлагатай болж байна. Энэ хүрээнд Австрали, Их Британи, АНУ-ын хоорондын “AUKUS” түншлэлийг дэмжиж буйгаа Японы удирдагч илэрхийлсэн юм.

Харин Японыг “AUKUS” түншлэлд нэгдэх үү гэсэн сэтгүүлчийн асуултад Фүмио Кишида тийм төлөвлөгөө байхгүй гэж хариулжээ.

Хятадын тэнгис дэх Сэнкакү арлуудын ойр орчимд байх усан онгоцнууд руу Бээжингээс хөлөг онгоцнуудаа илгээсээр байна. Энэ явдалд Австрали, Япон аль аль нь ихээхэн санаа зовниж буй. Австрали болон Хятадын харилцаа амаргүй байгаа энэ цаг үед шинээр сонгогдсон ерөнхий сайд “Дөрвөл”-ийн бүлэгтээ тууштай байна гэдгээ илэрхийлсэн байна. Уг бүлэг нь бүс нутагт дүрэм журамд суурилсан дэгийг сахин хамгаалахыг эрмэлздэг.

Энтони Албанезийн шинэ засгийн газар Австралийн гадаад бодлогыг үндсээр нь өөрчлөөгүй аж.

Зөвхөн хамтын ажиллагааны салбараа батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын чиглэлээр нэмж байна гэдгийг Албанез онцолжээ.

Тэгвэл эдийн засгийн тал дээр Япон, Австрали улсууд Жо Байдены Даваа гаригт эхлүүлсэн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоонд нэгдсэн. Ингэснээр шударга худалдаа, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ, нүүрстөрөгчгүйжүүлэх хүчин чармайлтад нэгдэж, Хятадын хэт өсөлтийг тэнцвэржүүлнэ гэсэн үг юм.

СТРАТЕГИЙН ҮНЭ ЦЭНЭ

Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой 2049 онд болно. Тэр болтол Хятад улс Энэтхэг-Номхон далай дахь ноёрхлоо бэхжүүлэхээр хичээсээр байх нь тодорхой. Энэ хэрээр Австралийн Японд үзүүлэх стратегийн үнэ цэн өснө гэж “Aspistrategist” хуудсанд онцлов.

Түүнчлэн, 1957 оны худалдааны гэрээнээс хойш Австралийн төмрийн хүдэр, боксит, коксжих нүүрс, байгалийн хийн нийлүүлэлт нь Японы эдийн засгийн хурдацтай өсөлтийн амин сүнс болсон.

Тиймээс байгалийн баялаг ихтэй азтай орны Японд үзүүлэх бас нэгэн стратегийн үнэ цэнэ энд оршино.

Австрали, Япон улсууд 1980-аад оны эхээр Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумыг эхлүүлсэн. Ингэснээр тус бүс нутгийн орнууд эдийн засгийн өсөлт үзүүлэх боломжтой болжээ. Анх худалдаанд төвлөрсөн байсан хоёр орны харилцаа эндээс эхлээд бүс нутгийн ирээдүйн алсын харааг тодорхойлох болсон юм.
Дээрх стратегийн мөн чанар Шинзо Абэгийн үед буюу 2012-2020 онд улам өргөжин гүнзгийрсэн. Абэ Австралийн гурван үеийн ерөнхий сайдтай харилцаж, геополитикийн харилцааг чухалчиж ажиллажээ. Түүний хамгийн том амжилтуудын нэг бол “Дөрвөл”-ийн хэлэлцээг эхлүүлсэн явдал юм. Гишүүнчлэлийг өргөжүүлэх нь гол биш дөрвөн улсын удирдагчид хамтран ажиллах дадлыг төлөвшүүлэх нь Абэгийн нэг алсын хараа байжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY, ASPISTRATEGIST, CEDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж