Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу…
УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэхтэй тэмцэх заалт оруулах талаар маргалдаж байна. Хуульч, судлаачид доромжлолыг тогтоох боломжгүй гэдгийг анхааруулж, гүтгэхийг Иргэнийн хуулиар шийдвэрлэх нь илүү тохиромжтойг сануулжээ. Хуурамч мэдээлэл өнөөдөр Монгол төдийгүй дэлхий нийтийн асуудал болжээ. Твиттерт гэхэд л худал мэдээ үнэнээс 70 хувь түргэн тардгийг тогтоосон байх юм.
"Eurobarometer" судалгаагаар тодруулснаар, европчуудын 83 хувь нь ийм төрлийн мэдээ, мэдээлэл ардчилалд аюул занал учруулж байна гэж үзэж байгааг 2019 оны оны гуравдугаар сард Европын холбоо мэдэгдэж байв. Энэ үеэр хуурамч мэдээг улстөрчид өөр өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа асуудлыг ч анхааруулж байв. Улмаар энэ ойлголтын хамрах хүрээг өргөтгөх, иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, fact-checking буюу мэдээлэл шалгах хараат бус байгууллагуудыг дэмжих санал дэвшүүлж байв.
Твиттерийг худалдан авч буй Элон Маск өнгөрсөн долоо хоногт нийт хэрэглэгчдийнх нь 20 хувь хуурамч аккаунт болохыг өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь олныг гайхашруулав. Элон Маскийн мэдэгдлийг тус компани няцааж, өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийнхээ 5 хүрэхгүй хувь нь спам данс байдаг гэж мэдэгдсэн ч олон нийтэд нотолгоо үзүүлэхээс татгалзсанаас харахад 20 хувь гэх тоо үндэслэлтэй бололтой. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены 22 сая дагагчийн тал хувь нь хуурамч аккаунт болохыг аудит тогтоосноос харвал хуурамч аккаунт ямар их байгааг хэлээд өгөх шиг.
Монголд ч өөдрөгөөр хэлбэл “дэмжигчдийн” гэх “долоолтын” пэйжүүд бишгүй бий. Түүнээс гадна нэр зүсээ нуусан, нийгэмд дандаа сөрөг мэдээ түгээж, монголчуудыг хараан зүхэж, урд хойд хөршүүдийг байнга магтаж байдаг хэн нь мэдэгдэхгүй бүхэл бүтэн арми бий. Түүнээс ч аюултай нь түүнийг нь дэмждэг, байнга түгээдэг бодгалууд бийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовын албан ёсны хуудастаа нийтэлсэн "Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэх мэдэгдлийн дор өрнөсөн маргаанаас харж болно. С.Зориг агсны итгэдэг байсан саруул ухаан бидний хэдэн хувьд нь байна вэ гэмээр Монголоо үгүйсгэж, Оросыг шүтэгчид олширсоор…
Нөгөө талд Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсныг хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагаагаар ил болгосон жишээ ердөө хоёр жилийн өмнөх.
Хятадын коммунизм, Оросын национализмыг магтан дуулдаг иргэд олширсон төдийгүй жинхэнэ ардчилал гээч Америкт биш урдхан талд Хятадад байна гэж саймширдаг сайтууд ч гарч иржээ.
"Мизес Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Н.Хасар:
– Зүгээр нэг сэтгүүлчийн хувийн бодол биш байх. Ер нь дэлхийн дэг журам өөрчлөгдөөд байдаг. Бид харин ямар ч бэлтгэлгүй байгаад байдаг. Яг 30 жилийн дараа та бид хоёр ингээд коммунизм бол муухай гэх мэтийн сэдвээр чөлөөтэй яриад сууж чадах эсэх нь бүрхэг. Хятадын коммунист нам АНУ-ын их сургуулиудад Күнзийн институтээ байгуулж, маш их хөрөнгө оруулалт хийгээд, Холливудын киног санхүүжүүлээд, NBA-гаас Хятадын коммунист намыг шүүмжилсэн хүнийг хөөдөг болсон байна. Энэ чинь Хятад хүчирхэгжихийн хэрээр коммунист идеологио сурталчлан түгээж эхэлж байна. Цаашдаа улам бүр хүчирхэгжвэл идеологио бусдад тулгахгүй гэх баталгаа байгаа юм уу.
Ийм байхад мэдээллийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахын оронд улстөрчид өөрсдийгөө хамгаалахын тулд доромжлолыг Эрүүгийн хуульд оруулахаар зүтгүүлж байна.
Гэтэл “өнгөт хувьсгал” хийдэг гол технологи нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл түгээж, иргэдийн үзэл бодолд нөлөөлөх нөхцлийг бүрдүүлдэг аж. Оросууд АНУ-ын биологийн лаборатори Монголд бий гэхээр Гадаад харилцааны яамныхаа мэдээлэлд итгэхгүй итгэдэг олон мянган монгол байгаа нь манайд ийм төрлийн хувьсгал хийх хөрс шороо бүрдээгүй гэх баталгаа алга.
Монголд төр засгийн бодлого, шийдвэрийг эсэргүүцэх, иргэдийн үзэл бодолд нөлөөлөх зорилгоор хуурамч мэдээллээр “тархи угаах” явдал интернэт орчинд бишгүй гардаг. Олон улсад гибрид дайн (Hybrid warfare) гэж нэрлэгдэх уламжлалт болон уламжлалт бус арга технологийг хослуулсан энэхүү арга нь цэргийн стратегийн онолын түвшинд боловсруулагдсан гэж шинжээчид үздэг аж.
Их гүрнүүдийн тэмцлийн гол хэрэгсэл болоод байгаа энэ дайн цахим орчинд хуурамч мэдээлэл системтэй тараах, дипломат, хууль зүй, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилготой. Гибрид дайнд бэлтгэхдээ юуны түрүүнд тухайн улсын дотоод хүчийг сулруулж, тогтворгүй байдал үүсгэх хөрсийг бүрдүүлнэ.
Ингэхдээ дотоод шалтгааныг сэдрээх зорилготой бөгөөд дотроо хэд хэдэн алхамтай. Тухайлбал, нийгмийн сүлжээнд ажиллах хуурамч хаяг бий болгож, троллууд ажиллуулна. Тэдний үүрэг бол эзэн буюу захиалагчийн заавраар бүгдийг харлуулж, шүүмжлэх. Хамгийн аюултай нь манай улстөрчид энэ технологийг хамгийн их ашигладаг төдийгүй олны дэмжлэгийг авахын тулд хамгийн их троллтойгоороо өрсөлддөг болсон нь нууц биш. Гэтэл оросууд иргэдийнхээ эсэргүүцлийг намжаахын тулд фэйсбүүк, твиттерийг хаах арга хэмжээ авчээ.
Монголд "үл итгэгчдийн арми" жилээс жилд нэмэгдсээр байгааг судалгааны байгууллагууд анхааруулсаар байна.
Холбоотой мэдээ