Э.Бат-Үүл: Путины ташуур намайг ташуурдана гэсэн тул каск зүүлээ

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Путины ташуур намайг ташуурдана гэсэн тул каск зүүлээ

Э.Бат-Үүл: Путины ташуур намайг ташуурдана гэсэн тул каск зүүлээ

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр /2022.05.25/ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх "Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.

ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУДЫГ ЧӨЛӨӨЛ!

Нийслэлийн АН-ын гишүүн А.Цэрэнбат:

-2022 оны тавдугаар сарын 11-нд нийслэлийн АН Хууль зүй, дотоод хэргийн яаманд шаардлага  хүргүүлсэн. Иргэд тайван цуглаанаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Өнөөдөр иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Цагдаагийн удирдлагууд ч иргэдэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй талаар сануулга өгч буйг бид эсэргүүцэж байна. Жирийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй нийгэмд өнөөдөр бид амьдарч байна.

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ больсон ч АН үүнийг хатуу эсэргүүцэж болно. Тиймээс өнөөдрийн цуглаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна.

Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж буй нь Монголыг доромжилж байгаа хэрэг. Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид эсэргүүцэж, нэгдэх хэрэгтэй. Улс орны ардчилсан байдлыг гартаа авахаар санаархаж байгаа хүмүүсийн үйл хэргийг сөнөөхгүй бол эрсдэлд ороход бэлэн байна.

ХЭН ПУТИНЫ ГАР, ХӨЛ БОЛЖ БАЙНА, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭНЭ

Жагсаалын үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

-Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас каск зүүсэн. Бид Путины ташуурыг хугартал тэмцэнэ. "Москвагийн" Бээжин тэргүүтэй хүмүүс ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байна. Үндсэн хуульд иргэд тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасан.

Гэвч өнөөдөр монголчууд үзэл бодлоо ч илэрхийлэх эрх чөлөөгүй амьдарч байна. Ардчилсан нам монгол хүн, тусгаар тогтнолыг ташуурдуулахгүйгээ ам бардам хэлье.

Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя. Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Тиймээс монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путиныг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Эрх ашгийнхаа төлөө өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг ажлаа өгөх хүртэл бид тэмцэнэ.

ХЗДХЯ ӨНДӨР БАЙШИНД ЗАЛАРЧ, ИРГЭДЭЭ ҮЛ ТООМСОРЛОЖ БАЙНА

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Монголын төр яаж жижгэрсэнийг хулгайчид нь хууль дээр гарч сууснаас харж болно. Хууль зүй, дотоод хэргийн яам нь өндөр байшинд заларч, иргэдээ үл тоомсорлож байгаа улс дэлхийн өөр хаана ч байхгүй. Цагдаагийн дарга хүний эрх, эрх чөлөөг дээдлэх гэж дарга болдог болохоос генерал цол авах гэж болдоггүй юм. Монголын бүх яам нэг л байшинд байх ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр эрх баригчид өөрсдийнхөө тухай хууль баталж байна. Өөрийг нь шүүмжилсэн хүн бүхнийг Эрүүгийн хуулиар яллах оролдлогыг ямар ч ардчилсан улс хийхгүй. Тиймээс Х.Нямбаатар сайдыг дарга нартаа хариуцлага тооцохыг шаардаж байна.

Хан-Уул дүүргийн АН-ын дарга Б.Анхныбаяр:

-Монголын бүх цагдаа өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тангаргаа зөрчсөн цагдаагийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх нь зөв. Тиймээс бид энэ шаардлагын төлөө эцсээ хүртэл цуглах болно. Цагдаа, иргэдийн хооронд зөрчил үүсгэж, санаатайгаар эрх ашгаа хангаж ажилладаг цагдаагийн дарга нар Монголд хэрэггүй. 2007 оны долдугаар сарын 1-нд таван иргэнийг үүргээ гүйцэтгэж байсан цагдаа хөнөөсөн. Гэсэн атал чиглэл өгсөн удирдлагууд өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Бид үүнийг л эсэргүүцэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг улс орон байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
251
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж