Улаанбаатар хот дахь Гаалийн газар тавдугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл 08:30-20:00 цагийн хооронд ажиллана гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Төмөр замын тээврийн ачааллыг бууруулах, БНХАУ-аас чингэлэг татан авалт зохион байгуулж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот дахь Гаалийн газар ийнхүү уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
Эрээн-Замын-Үүдийн боомтоор тээвэрлэх барааны төрөл нэмэгдэж, экспорт сэргэж байна. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар, орон нутгийн удирдлагын түвшинд хийсэн уулзалт, хэлэлцээний дүнд Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай чингэлгээр эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээхээр болсон билээ.
Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдын мэдээлснээр, Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 20-ны өдөр №104, №105 тоот шийдвэр гаргажээ.
Мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай чингэлгээр эрчим хүчний нүүрс, тонны савлагаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээхээр болсон байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ