"Apple" өдөрлөгөөрөө бидэнд юу танилцуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

"Apple" өдөрлөгөөрөө бидэнд юу танилцуулах вэ?

"Apple" өдөрлөгөөрөө бидэнд юу танилцуулах вэ?

Та бүхэндээ технологийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


“Apple”-ийн виртуаль өдөрлөг болно

"Apple”-ийн "WWDC" өдөрлөг ирэх зургадугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд болох юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус өдөрлөг онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд энэ жил ч мөн цахимаар болох аж. “WWDC” өдөрлөгийн хүрээнд ерөнхийдөө шинэ программ хангамжуудыг танилцуулдаг уламжлалтай. Гэхдээ үе үе “Apple” удахгүй нээлтээ хийх техник хангамжуудын талаар товчхон танилцуулж, хэрэглэгчдийнхээ дунд хүлээлт үүсгэдэг билээ.

Энэ жилийн тухайд “Apple” “WWDC” өдөрлөгийнхөө хүрээнд “RealityOS” гэх “AR”, “VR” технологиудад зориулсан программ хангамжаа танилцуулах сурагтай. Мөн цоо шинэ үеийн өндөр үзүүлэлт бүхий “Mac Pro” компьютерийг дэлгэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Дашрамд дурдахад, “Apple” өөрсдийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “iPod Touch”-ийг үйлдвэрлэхээ зогсоожээ.

АНУ-ын арми өөрийн “Metaverse”-ийг бүтээж байна

Энэ сарын 10-нд АНУ-ын армийн хоёр нисгэгч “Metaverse” дэх анхны нислэгээ үйлджээ. Цэргүүд “AR” төхөөрөмжийн тусламжтайгаар хос хөдөлгүүрт “Berkut 540” онгоцыг жолоодож, жинхэнэ цэргийн ажиллагаанд оролцож байгаа мэт туршилт хийсэн аж.

Дээрх цэргийн “Metaverse”-ийг “Red 6” гэх компани хөгжүүлж байгаа бөгөөд тэд “AR”, хиймэл оюун ухаан, видео тоглоомын график зэргийн тусламжтай энэ бүхнийг боломжтой болгож байна. Тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Робинсон ярихдаа "Бид хүссэн бүх аюултай нөхцөл байдлаа үүсгэж, нисэх туршилт хийх боломжтой. Гол нь тухайн аюултай байдлыг хувь хүн алсаас, эсвэл хиймэл оюун ухаанаар удирдаж болно” гэжээ.

Яагаад твиттерийн ботуудыг тооцоолох хэцүү вэ?

Твиттер дэх хуурамч хэрэглэгч, ботуудыг олж илрүүлэх тун хэцүү ажил гэж энэ салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Ганц твиттер ч бус, фэйсбүүк хүртэл энэ асуудал дээр төгс шийдэл олоогүй байгаа юм. Жил бүр фэйсбүүк олон тооны хуурамч хаяг устгадаг ч албан ёсоор хэрэглэдэг, цөөн найзтай, пост ховор оруулдаг хэрэглэгчдийг ботуудаас ялгахад хүнд байдаг гэнэ. Иймээс энэ ажил удаашралттай явдаг ажээ.

Хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “IV.ai” компани твиттер дээр “Tesla” компанийн хаягийг дагадаг 100 хэрэглэгчийн дунд судалгаа явуулахад 20 нь бот байх өндөр магадлалтай гэж гарсан байна.

“MSI” шинэ эх хавтангаа танилцуулав

Тайваньд энэ сарын 23-наас 27-ны өдрүүдэд “Computex-2022” хэмээх компьютерийн арга хэмжээ болж байна. Өнгөрсөн жил цуцлагдсан тус арга хэмжээ энэ жил эхний гэнэтийн бэлгээ задалжээ. Тодруулбал, Тайванийн “MSI” компани “Meg X670E Godlike”, “Meg X670E Ace”, “MPG X670E Carbon WiFi” болон “Pro X670-P WiFi” зэрэг “MSI X670” төрлийн эх хавтангуудаа танилцуулав. Эдгээр “AM5” сокеттой эх хавтангууд “AMD Ryzen 7000” цувралын процессоруудыг дэмждэг гэнэ.

 МТС гар утаснуудаа хямдралтай борлуулж эхлэв

Оросын томоохон үүрэн телефоны оператор "МТС" өчигдөр/2022.05.24/-өөс эхлэн загвар нь хуучирсан, өмнө нь хэрэглэгдэж байсан ухаалаг гар утаснуудаа илүү хямдаар борлуулж эхлэв. Өнгөрсөн гуравдугаар сард “Apple” компани тус улсад бүтээгдэхүүнээ борлуулахаа зогсоосон учир Хятадын гар утасны брэндүүд Оросын зах зээлд ноёрхлоо тогтоожээ.

"МТС"-ээс Хятадын “Huawei”, “Honor”, “Xiaomi” болон Өмнөд Солонгосын “Samsung” зэрэг брэндийн ухаалаг гар утсуудын 50 хувийг хямдралтай Москва хотын салбаруудаараа болон онлайнаар худалдаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж