"Д.Сумъяабазар хотын цирк байгуулах санаачлага гаргасан"

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

"Д.Сумъяабазар хотын цирк байгуулах санаачлага гаргасан"

"Д.Сумъяабазар хотын цирк байгуулах санаачлага гаргасан"

Монголын циркчид нэгдэж, Монголын мэргэжлийн циркчдийн холбооны тэргүүн Т.Будыг тэргүүнээрээ сонгосон. Тодруулбал, циркчдийн хоёрдугаар чуулган дөрөвдүгээр сарын 22-нд болж, циркийн нэгдсэн холбоотой болж, удирдлагаа сонгосон юм. Энэ талаар болон циркийн байрны асуудлаар Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхимийн багш, найруулагч Ю.Гэрэлбаатараас тодрууллаа. 


-Засгийн газраас "АСА" циркийг зориулалтын дагуу ашиглах чиглэл өгсөн. Циркчдийн нэгдсэн чуулганаар энэ асуудлыг ярьсан уу?

-Циркийн уран бүтээлчид хамтран чуулганаа зохион байгуулж, асуудлаа ярилцаж хэлэлцсэн. Циркчдэд тулгамдаж буй асуудал олон бий. Тэр бүхнийг шийдэхийн тулд 22 мэргэжлийн холбоо нэгдсэн юм. Чуулганы үеэр уран бүтээлчдийн хооронд санал зөрөлдөх асуудал байсан. Бид одоо Үндэсний "АСА" циркийг буцааж авах талаар ярихгүй ээ. Одоо нэгэнт ийм шийдвэр гарч, олон жил хэрэлдэж ханалаа. Харин одоо яаж хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцъя.

"Аса" циркээс хуучин байсан орон зайг нь томруулж, орчныг нь сайжруулахаа хэлж буй. Бид хийж байгаа ажлыг нь үгүйсгэж чадахгүй шүү дээ. Цаашдаа хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Хотын цирк байгуулах санаачлагыг хэн гаргасан юм бэ?

-Дэлхийн улс орнууд хотынхоо нэрээр нэрлэсэн цирктэй байдаг шүү дээ. Жишээлбэл, Москвагийн цирк гэх мэт. Үүнтэй адил Хотын дарга Д.Сумъяабазарын санаачлагаар Улаанбаатар хот өөрийн гэсэн цирктэй болох гэж байна. Нийслэл хот гэхэд нийт 1.4 сая хүн амтай болж өргөжин тэлсэн. Тийм учраас хотын дүүрэг болгонд цирктэй байх боломж бий. Заавал улсдаа ганцхан цирктэй байх албагүй шүү дээ. Тэгвэл иргэд маань циркийн урлагаа шимтэн үзэж, суралцах боломжтой болно.

Хэрвээ циркчид хамтраад тоглолт хийхээр болбол орон зай, техник тоног төхөөрөмж, түрээсийн төлбөрөөс эхлэн асар өндөр зардал шаардлагатай.

Уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг аргалж, зохион байгуулдаг байлаа. Одоо салбар яамтай болсон учраас энэ асуудлыг анхаарч эхэллээ. Циркчид маань өөрсдөө эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахаар боллоо. Монголын циркчид дэлхийн 150 гаруй улсын 5000 гаруй циркт тоглолт хийдэг.

-Одоо циркчид бэлтгэл, сургуулилалтаа хаана явуулж байна вэ?

-Циркчид Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн спорт заал болон хуучин циркийн барилгад бэлтгэлээ хийж байна. Энэ бүхэн түр зуурын асуудал гэж бодоод, сэтгэл тэнүүн байна даа. Бид сайхан санаачлага гаргаж буй хүмүүсийг дэмжинэ шүү дээ.

-Циркчид маань нэгдэж, Монголдоо анхны томоохон мөсөн циркийн тоглолт хийх гэж байгаа гэсэн үү. Таны хувьд тоглолтын найруулагчаар ажиллаж байна уу?

-Тийм ээ. Би энэ тоглолтын найруулагчаар ажиллаж байна. Энэ тоглолт Монголдоо мөсөн циркийн анхны тоглолт гэдгээрээ онцлог. Нийт 100 гаруй уран бүтээлчийн чин сэтгэл, нөр их хөдөлмөр шингэсэн тоглолт байх болно. Уг тоглолтыг "Степпе Арена" буюу Мөсөн өргөөний хамт олон 100 хувь дэмжин, бүх зардлыг гаргаж буй. Ойролцоогоор 100 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтэж байгаа гэж сонссон. Тиймээс бидний энэ их хөдөлмөрийг олон хүн үзэж, дэмжихийг хүсье. Ойрын хэдэн жилдээ дахин ийм гайхалтай тоглолт болохгүй байх. Энэ боломжийг хүүхэд багачууддаа тавдугаар сарын 30, 31 болон зургадугаар сарын 1-нд олгож байна. Хэрвээ олон үзэгч ирвэл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоход бэлэн.

Гэрэл зургийг Б.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж