Златан: Хэрэв чи итгэх л юм бол бүх зүйл биелэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Златан: Хэрэв чи итгэх л юм бол бүх зүйл биелэх боломжтой

Златан: Хэрэв чи итгэх л юм бол бүх зүйл биелэх боломжтой

Италийн Сери А лигийн 2021-2022 оны улирлын сүүлийн 38 дахь тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр болж, аварга баг тодорсон. Тодруулбал, АС Милан баг Сассуоло багийн талбайд зочлон, өрсөлдөгчөө 3:0 гэсэн харьцаатай хожсоноор лигтээ 19 дэх удаагаа түрүүлэв. Уг тоглолтын дараах “Улаан харууд”-ын ахмад бөгөөд гол тоглогчдын нэг Златан Ибрахимовичийн ярилцлагыг хүргэж байна.

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би энэхүү аваргын түрүүгээ саяхан таалал төгссөн Мино Райолад зориулж байна. Энэ бол миний түүнгүйгээр хүртсэн хамгийн анхны цом. Тэр намайг Миланд эргэн ирж, энэ багийг өндөр түвшинд аваачих хэрэгтэйг хэлсэн хүмүүсийн нэг байв” гэжээ.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг төлөөлдөг, алдарт агент Мино Райола саяхан таалал төгссөн билээ.

-Лигийн аварга болсон талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би тоглолтын өмнө хэлж байсан. Бид уг тоглолтод хожих болно гэж. Би хэлсэн амлалтдаа хүрсэн. Зарим нь үүнд итгээгүй. Зарим хүмүүс бидэн рүү инээж байсан. Гэхдээ бид Италийн аварга боллоо. Энэ бол гайхалтай сэтгэл ханамж. Энэ амжилт бол хувь хүний сэтгэл ханамж, шаргуу хичээл бэлтгэл, гүйцэтгэл. Чи ямар нэг зүйлд итгэх л юм бол тэр зүйл чинь биелэх боломжтой.

-Леаогийн талаар юу хэлэх вэ?

-Бид түүний өндөр потенциальтайг мэднэ. Би түүнийг өдөр бүр шаргуу бэлтгэлээ хийх гэж зоригжуулдаг. Гэхдээ түүнийг хөгжүүлэх нь миний үүрэг биш. Энэ бол түүний өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарна. Леао эцэст нь нэг юм өөрт нь ямар ур чадвар байгаа болохыг ойлгосон байх. Би түүнд хамгийн сайн сайхныг хүсч байна.

-Өөрийн туршлагынхаа талаар?

-Энэ жилийн Златан бол хуучин Златантай ижил ээ. Гэхдээ илүү их туршлагатай нэгэн. Би энэ улирал багийн төлөө илүү их ажилласан. Би багийн төлөө гэр бүлээ Шведэд үлдээсэн. Багт, фанатуудад баяр баясал авчрахын төлөө зорьсон. Бид Италийн аварга болсондоо баяртай байна.

-Миланыг гэх таны хайр?

-Берлускони болон Галлиани нар намайг Миланд хайртай болгосон. Барселонагаас энд намайг авчрахад миний хөлбөмбөгийг гэх хайр сэргэсэн. Тухайн үед би багт ирсэн эхний өдрөөсөө гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Милан бол миний хоёр дахь гэр орон. Миланеллод байх үед цаг хугацаа надад хамаагүй болдог. Би гэр рүүгээ яарах шаардлагагүй болдог. Яагаад гэвэл би гэртээ байдаг.

2011 оны түрүү энэ жилийн түрүү хоёр юугаар ялгаатай байсан бэ?

-Тэс өөр хоёр баг байсан. Тухайн үеийн баг, одоо үеийн баг бүрэлдэхүүнийг харьцуулбал тэс өөр багууд. Тухайн үед багт бүх цомд түрүүлсэн 22 аварга тамирчин байлаа. Бид лигийн өмнө аварга авах магадлалтай баг байсан. Тэр бол тэс өөр түүх.

-Ирээдүйгээ шийдсэн үү?

-Хэрэв ямар нэг эерэг сайхан зүйл хийе гэвэл бие маань эрүүл байх ёстой. Би багт, талбайд нөлөөгөө үзүүлж чадах хэмжээнд байх ёстой. Би удахгүй шийдвэрээ гаргана.

-Миланы хэрэгжүүлж буй төслийн талаар?

-Берлусконийн үетэй харьцуулахад тэс өөр төсөл. Берлускони тухайн үедээ багт дэлхийн шилдэг тоглогчдыг авчирч чадахаар байсан. Харин одоогийн хэрэгжүүлж буй төсөл бол илүү урт хугацааны илүү их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан төсөл. Хүчтэй, шаргуу, зөв баг бүрэлдэхүүн бий болгохыг зорьж байна. Энэ баг олон сайн зүйл хийсэн. Багийн ирээдүй өөрсдийнх нь гарт байна. Италид бид амжилтад хүрэхийн тулд хамгийн сайнаараа хичээсэн. Европын тавцанд ч гэсэн давгүй туршлага хуримтлуулсан.

-Милан шинэ эзэдтэй болох уу?

-Би тэрийг үнэн, худал болохыг мэдэхгүй байна. Ямар ч зүйл болсон хамаагүй би багийнхантайгаа цааш явахад бэлэн. Форза Милан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж