Нийслэлтэй ойр байрлах үзэсгэлэнт газрууд

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Нийслэлтэй ойр байрлах үзэсгэлэнт газрууд

Нийслэлтэй ойр байрлах үзэсгэлэнт газрууд

Урин дулаан цаг айлчилж, ард иргэдийн аялж зугаалах улирал эхэллээ. Сүүлийн хоёр жил Covid-19-өөс шалтгаалж гадагшаа аялагчдын тоо буурч, эх орныхоо онгон дагшин, үзэсгэлэнт байгалиар аялах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Иргэд заавал баяр наадмын олон хоногийн болон ээлжийн амралтаа хүлээх хэрэггүй юм. Долоо хоногт амралтын хоёр өдөр амраад, аялаад ирэхэд тохиромжтой нийслэл хоттой ойр байрлах үзэсгэлэнт газруудын талаар сонирхуулъя.

БОЛОРЫН АГУЙ

"Болорын агуй" Тэрэлж дэх ШУТИС-ийн дадлагын баазын ар талд байдаг. Монгол орны хамгийн том болор олборлож байсан хүний үйл ажиллагаагаар бий болсон уурхай-агуйд хүрэхийн тулд Тэрэлжийн гүүр өнгөрөөд, Мэлхий хад явах замд байрлах "Аянчин" гэсэн бичигтэй том самбарын зүүн хажуугийн шороон замаар салж, 5-6 км явна. "Болорын агуй"-д жирэмсэн болон балчир хүүхэд, өндөр настан орох тохиромжгүй юм. Учир нь агуй руу орохын тулд 60-70 градусын өгсүүр, сул элстэй газраар явдаг. Мөн агуйн ам намхан тул мөлхөж орох шаардлагатай.

ХУСТАЙН НУРУУ

Улаанбаатараас 102 км зайд байрлах Хустайн нуруунд очсоноор дэлхий дээрх зэрлэг адууны устаж үгүй болоогүй цорын ганц төрөл зүйл болох тахийг харах боломжтой. Тахь нь байгаль дээр 1969 онд бүрмөсөн устаж байсан боловч 1992 онд энэ зүйлийг бүрэн устгахгүйн тулд дэлхийн амьтны хүрээлэнгүүд 16 зэрлэг адууг манай оронд нутагшуулсан билээ. Энэ тоо толгойг 330 давтал нь хамгаалж чадсан Хустайн нуруу байгалийн цогцолбор газарт очсоноор өөр олон ховор ургамал, амьтныг харах боломжтой. Мөн хажуу талд  нь Азийн хамгийн олон хүн чулуут цогцолбор болох "Өнгөтийн цогцолбор" бий. Та эндээс хиргисүүр, буган чулуун хөшөө, дөрвөлжин булш, хадны сүг зураг, Балбал чулуу үзэж болох юм. Мөн очих болон буцах замдаа Молцог элс, Жирмийн цагаан нуурыг үзэж сонирхоорой.

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД

Байгалийн үзэсгэлэнг хүний гараар тордож бүтээсэн газар бол Аглаг бүтээлийн хийд. Улаанбаатар хотоос 130 км зайд байрлах энэ газар Бурхан багшийн сургааль дахь дүрүүд хүний гараар хэрхэн бүтсэнийг харахаас гадна эмчилгээний цэцэгсийн талаар мэдээлэл авч, рашаан уух боломжтой. Аглаг бүтээлийн хийд уулын оройд байрладаг тул байгалийн сайхныг харан баясахад тун таатай.

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Улаанбаатар хотоос 217 км зайд, Хэнтий аймагт байрлах нуур нь зүрхэн хэлбэртэй, байгалийн өвөрмөц тогтоцтой газар юм. Хар зүрх уулын өвөрт байрлах уг нуурын хажууд Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжин, Алтан ургийн их, бага 36 хааны сийлбэрийг байрлуулсан бөгөөд цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.

ХАГИЙН ХАР НУУР

Та жинхэнэ онгон байгалийг харж, өөрийгөө соримоор байгаа бол Хагийн хар нуурыг зориуштай. Хэрвээ та экстрим аялал сонирхдог бол Хагийн хар нуурыг санал болгож байна. Хагийн хар нуурын ойролцоо хүний гараар бүтээсэн ямар нэг дурсгал, амралтын газар төдийгүй утасны сүлжээ ч барьдаггүй. Мөн тус нуур руу машинаар очих боломжгүй. Ойр хавьд нь ямар ч айл байдаггүй. Тийш зоривол та эрүүл мэнд, хоол хүнс, аюулгүй байдлаа өөрөө хангах шаардлагатай бөгөөд байгалийн сайхныг биширч, морин аялал хийхэд тохиромжтой юм. Хагийн хар нуур Улаанбаатар хотоос 180 км зайтай байрладаг.

САЙХНЫ ХӨТӨЛ

Сайхны хөтөл Улаанбаатар хотоос 339 км зайд байрлана. Анх "Тэмээн хүзүүтийн хөтөл" гэх нэртэй байсан ч Д.Сүхбаатар жанжин анх “Үнэхээр сайхан хөтөл юм аа” гэж уулга алдсанаас хойш бидний дуудаж заншсанаар нэрийдэх болсон. Энэ газар Оростой хиллэдэг бөгөөд өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгальтай. Сайхны хөтөлд Орхон, Сэлэнгэ мөрөн нийлж, Байгаль нуурт цутгадаг билээ. Та очих, эсвэл буцах замдаа алдарт Тужийн нарсанд зургаа татуулж, домогт Гүн нуурын эрэгт сууж, Ээж модонд хүслээ шивнэж болно.

ЦОНЖИН БОЛДОГ

Хотоос 53 км зайд байрлах Цонжин болдогт дэлхийн хамгийн том морьт хөшөө болох 250 тонн ган төмрөөр урласан Чингис хааны морьт хөшөөт цогцолбор бий. Музейгээс та дэлхийн хамгийн том монгол гутал, Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрний үеийн дурсгалыг үзэх боломжтой. Цонжинг тойрсон амралтын газар их. Хүсвэл та Туул голын эрэгт хоноглон, нэг өдрийг цэвэр агаарт өнгөрөөж болох юм.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж