НЭМЭЛТ:
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
-Тээврийн байгууллагуудын удирдлагаас жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг хүсье. Цар тахал бүрмөсөн арилаагүй учраас өмнөхөөсөө улам сайн халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай. Дахин нүүрс тээврийг зогсоохгүй гэх баталгаа байхгүй. Миний хувьд Эрээний боомт дээр байгаа хил гаалийн мэргэжилтнүүдийг шалгаж буй гэсэн мэдээллийг харсан. Гадаад харилцааны яамнаас энэ талаарх мэдээллийг авсан нь зүйтэй байх. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас шалгуулахад бэлэн. Нийгэмд гарч буй хардлагыг хуулийн байгууллага шалгана. Би шалгадаг хүн нь биш шүү дээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хаагдсан хилээ нээсэн. Тухайн үед Хятадын талаас хилийн дундын бүсэд чингэлэг буулгаж, ачдаг болъё гэдэг саналыг Гадаад харилцааны яаманд тавьсныг Улсын онцгой комисс хуралдаж, хил нээгдсэн. Тэрний цаана Хятадын талд авлигын хэрэг үүссэн талаар мэдэхгүй байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ:
-Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой болно. Ингэснээр иргэд заавал өргөдөл бичиж, төрийн байгууллагад биеэр хандаж, утасдахгүйгээр и-мэйл хаягаар харилцаж, хариугаа авна гэсэн үг. Европын улсуудад амжилттай хэрэгжсэн кейсүүд байна. Монголын хувьд кибер аюулгүй байдлын түвшин маш эмзэг байгааг нуугаад хэрэггүй. Бид 2021 оны арванхоёрдугаар сард түүхэндээ анх удаа Кибер аюулгүй байдлын хууль баталсан. Энэ хууль гарч байж кибер аюулгүй байдлын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдсэн. Кибер аюулгүй байдал гэдэг бол нэг хууль, систем, байгууллага гаргаад үүсдэг тогтолцоо биш. Хамгийн гол нь соёл, боловсролын асуудал байдаг.
Иргэдийн хувьд нэг паспортыг бүх платформд ашиглаж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсрол байхгүй байгаагийн шинж. Тиймээс Кибер аюулгүй байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажлын хэсэг гаргаж, иргэдийг хурууны хээгээр бүртгэсэн гоо сайхны газар, супермаркетуудын датаг устгах ажил зохион байгуулж байна. Мөн тагнуулын байгууллагатай хамтран Халдлагаас хамгаалах төв ажиллуулж байна. Мөн иргэдийн мэдээллийг их хэмжээгээр авдаг эмнэлэг, байгууллага, үүрэн холбооны оператор компани, банк бус санхүүгийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ хууль хэрэгжинэ.
Нөгөө талдаа Е-Монголиа системд орсон нэг үйлчилгээ иргэний датад төрийн албан хаагч зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд мэдээлэл ирдэг болсон. Иргэд өөрийн мэдээллийг өмчлөх боломжийг хангаж ажиллаж байна. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг маш олон байгууллага хариуцдаг. Манай яаманд төсөвлөсөн зардал гэж байхгүй. Тухайлбал, Тагнуул, Батлан хамгаалах яам гэх мэт газруудад тодорхой төсөв баталсан байх.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын өнөөдрийн /2022.05.25/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
- Төмөр замаар холбох төслүүд,
- Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд,
- Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Холбоотой мэдээ