Унгарын Ерөнхий сайд өнгөрсөн Мягмар гаригт Орос, Украины дайнаас үүдэн тус улсын аюулгүй байдал, эдийн засагт аюул заналхийлж буйтай холбогдуулан улс орон даяар онц байдал зарлав. Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ "Украины дайн хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй тул шинэ засгийн газар асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан" гэжээ.
Мөн тэрбээр "Онц байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт зарлана" гэж нэмж мэдэгдсэн байна.
Энэхүү онц байдал нь тус улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд Лхагва гаригийн эхээр хүчин төгөлдөр болно гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр "Дайнаас үүдэлтэй аюул заналхийллийн эсрэг улс орныг ямарваа нөхцөл байдалд бэлэн байлгах яаралтай арга хэмжээ авах нь амин чухал" гэж онцолсон байна. Орбан мөн дайны хямрал эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ба Унгар улс дайнд оролцохгүй байх ёстой гэжээ.
Тус улс өмнө нь тогтмол бус шилжилт хөдөлгөөн болон Covid-19-тэй тэмцэх хүрээнд онц байдал зарлаж байв.
"Дэлхий нийт эдийн засгийн хямралын ирмэг дээр байна. Унгар улс энэ дайнд оролцохгүй байж, гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Үүнд маневр хийх орон зай, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Засгийн газар Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, шөнө дундаас дайны улмаас онц байдал зарлаж байна" гэж үндсэрхэг үзэлтэй удирдагч Facebook хуудастаа нийтэлжээ.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ