Сурвалжлага: Хоёр жил "хоригдсон" хүүхдүүд өргөн дэлгэр баярлана

Хуучирсан мэдээ: 2022.05.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хоёр жил "хоригдсон" хүүхдүүд өргөн дэлгэр баярлана

Сурвалжлага: Хоёр жил "хоригдсон" хүүхдүүд өргөн дэлгэр баярлана

Эх үрсийн баяр болоход ердөө найм хоног үлджээ. Энэ жилийн зургадугаар сарын 1-ний өдөр Лхагва гаригт тохиож байна. Бяцхан үрс маань хоног тоолон хүлээдэг энэ өдрийг алиалагчийн наргиа, ээж аавын нандин бэлэг, чихэр жимсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Инээд хөөр цалгисан энэхүү баярыг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тоглоомын төв, хүүхдийн баярт зориулсан арга хэмжээний талаар сурвалжиллаа.

Хоёр жил хөл хорионд байсан хүүхдүүдээ энэ жил өргөн дэлгэр баярлуулахаар бэлдэж буй ээж, аавууд олон бий. Энэ жил хүүхдийн баярын арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах Хотын даргын захирамж гарчээ.

Хотын даргын захирамжид тусгаснаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургадугаар сарын 1-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах нь. Мөн харъяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Хуулийн дагуу зургадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг. Улсын хэмжээнд Covid-19-ийн тархалт буурсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хязгаарлалтын дэглэмийг бууруулах шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан билээ. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа энгийн горимд ороод байгаа юм.

Хүүхдийн баярыг бид 1952 оны зургадугаар сарын 1-нд орон даяар тэмдэглэж эхэлснээс хойш 70 дахь жилээ угтаж байна. Үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон тэмдэглэдэг энэхүү баярын дурсамж хөглөх салшгүй хэсэг хүүхдийн парк буюу одоогоор Үндэсний соёл, амралтын хүрээлэн. Багадаа “бүрэн эрх”-ээ эдлэх ганц өдрөөрөө алсыг харагч дээр суун, мангасын ам руу орж, бяцхан нуурт завиар зугаалахдаа хөвөн чихэр идэж, зайрмаг долоон явсан хүүхэд насны дурсамж энд санагдана. Ийм дурсамж хүн бүрт байдаг биз ээ.

Хүүхэд, залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг томхон хэмжээний цөөн хэдэн цогцолборын нэг болсон Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн парк энэ сард нээлтээ хийсэн. Хүүхдийн баяраар тус газар хүний хөл хөдөлгөөнд дарагддаг. Гулсуурт дахин дахин гулгаж, дүүжин даажиндан, эргэдэг машин дээр суусан багачуудын царай хөөр баяраар дүүрэн ёстой л “нар нь гардаг”.

Алсыг харагч, галзуу хулгана, эргэдэг дельфин, агаарын дугуй гээд нийт хорь гаруй тоглоомтой. Бүх тоглоомын нэгж үнэ 5000 төгрөгөөс эхэлнэ. Мөн хүүхдийн баяраар багцын тасалбар борлуулдаг. Ингэхдээ багцын тасалбар зөвхөн нэг л хүнд үйлчлэх ба нэг сарын турш үйлчлүүлж болох аж. Хэдхэн хоногийн дараа болох хүүхдийн баярыг угтан тус газрын ажилтнууд орчны тохижилтод анхаарч, тоглоомын өнгө будгийг шинэчилж байна.

Харин тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хянаж дууссан гэж тус газрынхан хэлсэн юм.

Одоогийн байдлаар алсыг харагч, агаарын дугуй, саран савлуур, уран жолоодлого, эргэдэг дельфин, давлагаат эргүүлэг, тойрог зам, морин тойруулга, гинжит, бөмбөлөгтэй машин, нархан, хүслийн галт тэрэг, хөгжөөнт баавгай, тагада, динозавр, төөрдөг байшин, зоо парк зэрэг тоглоом ажиллаж байна. Цагийн хуваарийн хувьд 11.00-22-00 цагийн хооронд ажиллаж байна.

Улаанбаатарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс өөр томоохон худалдааны төвүүд хүүхдэд зориулсан тоглоомын төвүүдтэй болсон нь сайн хэрэг. Олны мэдэх “Хүннү молл”, “И-Март”, “Аз Молл”, “Зайсан хилл” гэсэн томоохон худалдааны төвүүдэд хүүхдэд зориулсан орчин, гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бий. Эдгээрээс онцолбол, “И-Март” худалдааны төвийн Чингис салбаруудад хүүхдийн баярыг угтсан арга хэмжээ болох юм.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД “ТОМ” БАЯР БОЛНО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Том баяр” түмэн хүүхдийн наадам зургадугаар сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд болно. Бүтэн өдрийн хөтөлбөртэй түмэн хүүхдийн баярыг хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж байна.

Энэ хүрээнд "Том толгойтын адал явдал" хүүхдийн цуврал киноны Том хамтлаг, Tom girlz, Tom kids, хүүхэд багачуудын хайртай дуучин Г.Уянгадарь, Энжи, Б.Бат-Энэрэл, Ц.Мичидмаа нар оролцож, уран бүтээлээ хүргэнэ.

Мөн циркийн сонирхолтой үзүүлбэрүүд, хүүхэлдэйн баатрууд, урлаг соёлын энтертайнмент шоу 10:00–22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгш оролцоо бий болгох үүднээс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг анхаарсан зохион байгуулалт, тогтмол санамж, анхааруулга бүхий өргөтгөсөн баг, бага насны хүүхдүүдэд зориулсан нойл, живх солих асар, анхны тусламж, цагдаагийн хяналтын баг, утасны дугаартай хүүхдийн аюулгүйн бугуйвч, тэмдэг тэмдэглэгээ, хогийн цэгийг хүртээмжтэй байдлаар бий болгоно. Бяцхан үрсээ хайраар хамгаалж, хайраар хөгжүүлье уриан дор зохион байгуулагдах “Том баяр”-т гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирж, бүтэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

ХҮҮХДИЙН БАЯРААР "ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2022" ФЕСТИВАЛЬ БОЛНО

Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн сан, "Эм Си Пи" ХХК хамтран П.Гэндэний гудамж буюу "Баянгол" зочид буудлын автозамын уулзвараас "Шангри-Ла Молл"-ын хойд уулзвар хүртэлх 500 м авто замын хөдөлгөөнийг 2022 оны зургадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд хааж, “Хүүхдийн ертөнц-2022” баярын фестиваль зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбай бий болгох, 2-3 тайз засагдаж, цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа, үйлчилгээнүүд явагдах ажээ.

Мөн баярын парад, флашмоб, нээлттэй дуулах микрофон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, видео спортын уралдаан тэмцээнүүд зохиогдохоор бэлтгэл ажил хангагдаж буй. Энэхүү фестивалийг дэмжиж оролцох аж ахуйн нэгжүүдийн бүртгэл явагдаж байгаа аж.

Улаанбаатар хотод анх удаа зохиогдох энэхүү фестиваль, арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцох, ажилагсдынхаа гэр бүл, хүүхдүүдийг урьж оролцуулах, хамруулах боломжтой юм байна.

"ЗУУЗУУГИЙН НАЙЗУУД ХҮҮХДИЙН БАЯРЫГ АВАРСАН НЬ"

Эрт цагт биш, энэ цагт хөгжилтэй хөөрхөн Зуузуу найзуудтайгаа хамт хүүхдийн баярын Цэцгэн дагинатай уулзахаар ой дундуур явна. Тэд Цэцгэн дагинатай цугтаа "Ub palace"-ийн концертын их танхимд очин, үзэгч хүүхдүүдээ баярлуулах зорилготой. Гэтэл хүүхэд, хүүхдийн баярт үнэн голоосоо дургүй Ахмад дэгээ, хорон санаат туслахуудын хамтаар хүүхдийн баярын Цэцгэн дагиныг хулгайлах ба 5 гол дүр найзыгаа аврах их аялалд гарна. Гэвч замдаа худалч чонотой тааралдан төөрч, хоорондоо муудалцах авч, эвийн хүчээр эргэн нийлцгээн, хорон санаатнуудтай мэргэн ухаанаар тэмцэцгээнэ. Тэд Цэцгэн дагинаа аварч, хүүхдийн баярыг эргүүлэн авчирч чадах болов уу?

Уран бүтээлч: Зуузуугийн найзууд, хаана: Ulaanbaatar Palace, тоглолтын төрөл: Жүжиг

"ҮЗЭСГЭЛЭН ГОО БА ЖОНОН"

"Үзэсгэлэн гоо ба Жонон" хүүхдийн жүжиг "Зайсан хилл" цогцолборт тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд болно. Тасалбарын үнэ 35 мянган төгрөг байна. Энэ жүжгийг "Тренд артист" компани зохион байгуулах бөгөөд 5-аас дээш насныханд зориулагдаж, 90 минут тоглогдох ажээ. ticket.mn сайтаас тасалбараа захиалан үзэх боломжтой.

"МИНИЙ ЦЭЦЭН ХУРГА"

"Миний цэцэн хурга" дуулалт жүжиг "Ган зам" паласт болно. Мөн тавдугаар сарын 31 болон зургадугаар сарын 1-ний өдрүүдэд болох бөгөөд 4-өөс дээш насныханд зориулагдсан. Нэг цаг үргэлжлэх энэ жүжигт таван хошуу малаар дамжуулан хүүхэд багачуудад ахмад буурлынхаа үгийг сонсох, аливаа зүйлийг арга ухаан, сэтгэхүйгээрээ тунгаан бодох, амьтай бүхнийг энэрэх нинжин сэтгэлийн тухай өгүүлэх ажээ.

"ТРОЛЛУУД ЦИРКИЙН ЕРТӨНЦӨӨР"

Мөрөөдлийн театр, Залуус, Эмоци продакшны Залуус, Diamond циркийн уран бүтээлчдийн хамтарсан "Троллууд циркийн ертөнцөөр" тоглолт мөн Хүүхдийн баяраар Монгол бөхийн өргөөнд болох юм. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Мөн ticket.mn сайтаас тасалбараа захиалж аваарай.

МОНГОЛЫН АНХНЫ МӨСӨН ЦИРКИЙН ТОГЛОЛТ

Степпе Арена, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо хамтран циркийн гайхалтай үзүүлбэрүүдийг мөсөн талбайтай хослуулсан Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг хүүхэд багачууддаа зориулан тоглох гэж байна. Мөсөн цирк тавдугаар сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагт, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд 11:00 цагт болох юм.

Хүүхдийн баярыг угтан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт томоохон худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагад хүүхдийн баярын бэлэгтэй холбоотой хүнсний шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногоос мэдээлэх аж. Харин хүүхдийн тоглоомын төвүүдэд шалгалт хийдэггүй ба хувь хүнээс гомдол ирсэн тохиолдолд шалгадаг гэсэн тайлбарыг тус газрынхан өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж